Баянзүрх дүүрэгт үерт 360 айл өртөж, 47 нь ОРОН ГЭРГҮЙ болжээ
Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээллээ.
Тус дүүргийн Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат "Үерийн улмаас хохирсон айлуудад тусламж үзүүлэх ажлын хэсэг байгуулагдан, гурван баг болж ажиллаж байна. Баянзүрх дүүргийн гурван хорооны айл өрх болгоноор орж, бодит нөхцөл байдалтай танилцсан. Мөн дүгнэлт, судалгаа хийсэн. Үерийн улмаас хохирсон 360 айл байгаа бөгөөд тусламж зайлшгүй шаардлагатай байна. Эдгээрээс 47 айл нь гэр оронгүй болсон учраас гэр олгох шаардлагатай тулгарсан. Нийслэлийн Онцгой Комиссоос 20 айлд гэр, газрыг нь олгохоор бэлдэж байгаа. Үлдсэн айлуудад ч мөн гэр олгоно.
Одоогийн байдлаар БЗД-ийн Тамгын газрын хандивын дансанд 28.7 сая төгрөг цугласан бөгөөд иргэд болон төрийн байгууллагуудаас ирсэн хандивыг 312 айлд хүргэсэн. Мөн хүнсний болон хувцасны хандив тусламжийг үзүүлж байгаа. 127 дугаар сургууль дээр 150 иргэнд үйлчлэх, түр хоноглох байр бэлдсэн. Энэхүү түр байраар 189 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс 109 иргэн хоногоор үйлчлүүлсэн. Эдгээр иргэний тав тухтай байдал, хоол хүнс, хувцас болон бусад хэрэгцээтэй зүйлийг ханган ажилласан байгаа" гэлээ.