Эрүүл мэндийн яам, Японы Сисмекс корпорацитай дахин гурван жил хамтран ажиллана

2014 оны 7 сарын 30

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон Улсын Сисмекс корпораци хоорондын байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр буюу 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн яамнаа боллоо.

 

 Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сисмекс корпорацийн Тэргүүн дэд захирал ноён Масаёши Хаяши нар гарын үсэг зурсан юм.

Ёслолын арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Шимизү Такэнори, Сисмекс корпорацийн гүйцэтгэх захирал Кейжи Фужимото, гүйцэтгэх дэд захирал Кунихиро Фунакоши,  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 Эрүүл мэндийн яам, Япон улсын Сисмекс корпораци 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Монгол улсад лавлагаа лаборатори, гематологийн чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх” чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Тэгвэл энэ удаа хамтын ажиллагааны гэрээгээ 2014-2017 он хүртэл 3 жилийн хугацаатай шинэчлэн байгууллаа.

 Уг ёслолын ажиллагааг нээж эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлсэн үгэндээ,  "Манай эрүүл мэндийн салбарын чухал хэсэг болох оношлогоо, шинжилгээний чанарыг сайжруулах , эмч мэргэжилтнүүдийг сургах үйлсэд та бүгдийн оруулж буй хувь нэмэр, хүчин чармайлтыг бид үнэлж, хамтран ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байдаг юм. Эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааны үр дүн болон үр ашиг нь найдвартай лабораторийн шинжилгээ, оношлогооноос шууд хамааралтай. Энэхүү нотолгоонд суурилсан лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулах бидний 2010-2015 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бидний хамтын ажиллагаа том алхам болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцоллоо.

 Харин Сисмекс корпорацийн Тэргүүн дэд захирал ноён Масаёши Хаяши үг хэлэхдээ, "Өнөөдөр лабораторын чанарын хяналтын системд дэмжлэг үзүүлэх гэрээг дахин гурван жилээр сунгах болсондоо бид баяртай байна. Бидний өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хийсэн ажлыг өндрөөр үнэлж байгаад баярлахын зэрэгцээ ирэх гурван жилд  өндөр үүрэг хариуцлагыг хүлээн авч буйгаа мэдэрч байна. Монгол-Япон хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэг бол бид бүхний бахархал юм" гэлээ.

Өнгөрсөн хугацаанд чанарын гадаад үнэлгээ явуулсан тухай бүр ЭМЯ, Японы Сисмекс корпорацитай хамтран нийт лабораторийн эмч, мэргэжилтний дунд олон улсын сургалт семинар зохион байгуулан, чанарын гадаад үнэлгээний дүн, тайланг тавьж, хяналтад оролцогсдод гэрчилгээ, үнэлгээний хуудас, чанарын хяналтын гарын авлага ном товхимлуудыг монгол хэлнээ хэвлүүлэн тараасан. Түүнчлэн лабораторийн эмч нарт Японы нэр хүндтэй профессоруудыг урьж, сургалт явуулж байгаа нь лабораторуудын чадамж болон лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулахад ихээхэн түлхэц өгч байна.

2008 оны 07 дугаар сард анхны чанарын гадаад үнэлгээг явуулснаас хойш өдгөө гематологийн шинжилгээний 12 дахь удаагийн, биохимийн 6 дахь удаагийн чанарын гадаад үнэлгээг амжилттай явуулжээ. Чанарын гадаад үнэлгээнд одоогийн байдлаар Улаанбаатар хот, 21 аймгаас улсын болон хувийн хэвшлийн нийт 180 лаборатори хамрагдсан нь үндэсний хэмжээнд чанарын баталгаажилтын тогтолцоог бүрдүүлэх чухал үндэс суурь болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6495
0 эможи
keyboard_arrow_up