НОБГ: Үерийн улмаас орон гэргүй болоогүй мөртлөө гэр авах хүсэлт өгч буй асуудал гарч байна
Үерийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт хоёр өрөө байр, үерт автсан айлуудад гэр өгөхөөр болсон.
Гэргүй болсон айл өрхүүдэд тусламж үзүүлэх талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-ын дарга А.Дашням мэдээлэл өгөхдөө "Үерийн улмаас орон гэргүй болсон айлуудын судалгааг гаргасан. НОБГ-аас үерийн аман дээр буусан эрсдэлтэй айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар зам, талбайг бэлтгэх зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа" гэдгийг хэллээ.
Зарим иргэн орон гэргүй болоогүй мөртлөө гэр авах хүсэлт өгч байна гэх асуудал гарсан. Иймээс орон гэргүй болсныг тодорхойлох хэд хэдэн шалгуур үзүүлэлт тавьж байгаа. Үнэхээр гэр нь урссан айл өрхүүд байна. Мөн гэр, байшин нь урсаагүй ч эргээд ашиглах боломжгүй болсон тохиолдол ч гарсан. Энэ бүгд дээр олон талаас нь судалгаа хийснээр бодит тоо гаргах юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гэр, байшинтай болох зэргээр дэмжлэг туслалцаа авахыг хүссэн өргөдөл, хүсэлт иргэдээс нэлээд ирж буй. Нарийн шүүлтүүрээр шүүсний үндсэнд дээрх ажлуудыг зохион байгуулж, шийднэ.