ТЦА: Дуу чимээ ихтэй мотоцикл, спорт машинуудыг шалгаж байна
Спорт автомашин, мотоцикл сонирхогч залуус шөнө оройн цагаар чанга дуу чимээ гаргаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ихээр ирж байгаатай холбогдуулан хяналт шалгалт хийж байна.Энэ оны эхний хагас жилд энэ төрлийн 88 гомдол, мэдээлэл ирсэн бол зөвхөн 07 дугаар сарын 25-31-ний хооронд 34 мэдээлэл иржээ.
08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 42 мотоцикл, спортын зориулалтаар тоноглосон байж болзошгүй 46 автомашиныг хөдөлгөөнд оролцох үед нь шалгасан байна. Шалгалтаар спорт зориулалтаар тоноглосон автомашинтай нийтийн хэрэгцээний зам дээр аюултай үйлдэл хийх, дуу чимээ гаргах, мотоцикл сонирхогч залуус эрхийн үнэмлэхгүй, улсын бүртгэлийн дугааргүй, яндан, дуу намсгуур гэмтсэн, байхгүй, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS 4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцсон зөрчил илэрчээ.
Зөрчилтэй 8 мотоцикл, 3 автомашины жолоочид хариуцлага тооцож, 10 автомашины гэрчилгээг түр хураан техникийн үзүүлэлтийг шалгаж байна.