ШҮҮХ: Шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нар 56 тооны малыг нуун дарагдуулж, зохих байгууллагад мэдүүлээгүй
“Найман ишигний” гэх олон тооны малыг хулгайлах хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд эхэллээ.
Шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр, Б.Даариймаа нар нь Ж.Эрэвгийлхам, Т.Болдбаатар нарынх гэдгийг мэдсээр байж 56 тооны малыг нуун дарагдуулж, зохих байгууллагад мэдүүлээгүй, будгийг нь өөрчилсөн зэрэг нь шүүхийн явцад хангалттай тооны нотлох баримтаар нотлогджээ.
Анх нийлсэн малаа авах хүсэлтийг Ж.Эрэвгийлхам гаргахад шүүгдэгч тал болох Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нар зөвшөөрөөгүй байна. Тиймээс цагдаагийн байгууллагад хандан цагдаагийн хамтаар очиж 48 тооны малаа тоолж авчээ.
Гэвч эдгээр малын хуучин цэнхэр будгийг дарж хайчлан ногооноор будсан байжээ. Мөн найман тооны ишиг дутуу байсан байна. Ийн төд удалгүй энэ найман тооны ишгийг сумын төвөөс 30 км газарт байрлах нэгэн айлд шөнийн цагаар аваачин “Манай худалдаж авсан ишиг байгаа юм. Удахгүй ирж авнаа” гэж шүүгдэгч Даариймаа хэлсэн гэдгийг гэрчүүд нотолсон гэж улсын яллагч ярилаа.









