М.Балдандорж: Угсармал орон сууцуудыг дулаалснаар III, IV хорооллыг дулаан, эрчим хүчээр хангах хэмжээний ХЭМНЭЛТ ХИЙНЭ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцууллаа.
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж:
-Улаанбаатар хотын угсармал орон сууцны 1077 барилгыг дулаалснаар 3, 4 дүгээр хорооллыг дулаан, эрчим хүчээр хангах хэмжээний хэмнэлт хийх боломжтой. Энэ нь шинэ эх үүсвэр барьж, их хэмжээний хөрөнгө зарцуулах зэрэг цаг хугацаа хийгээд эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Дулаалгын төслийн хүрээнд иргэд тодорхой хэмжээний мөнгө гаргаснаар хяналт ч сайжирна гэдгийг онцлов.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, төслийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, бараа материал, тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг үүрэг болгосон. Мөн дулаан техникийн шинэчлэл хийх шаардлагатай, газар хөдлөлтийн тэсвэржилтийн гэрчилгээтэй, иргэдээс төлөх тодорхой хувийг хүлээн зөвшөөрч бүрэн дэмжсэн орон сууцуудын жагсаалтыг гаргаж ажиллахыг төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.









