Яармагийн нүхэн гарц, уулын замын ус зайлуулах эх дээр зөвшөөрөлгүй барилга баригдсанаас болж ЗАМ ЭВДЭРСЭН
Яармагийн нүхэн гарц, Уулын замын эвдрэлийн асуудлаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хан-Уул дүүргийн 84 барилга руу өнгөрсөн шөнө ус орсон. Онцгой байдлын ажилчид шөнөжин ажиллаж 74 барилгаас ус соруулж дууссан. Одоогоор Хурд хорооллын 24, 25, Дөл хотхоны байруудаас ус соруулж байна.
Яармагийн нүхэн гарц, уулын замын асуудлыг иргэд асууж байгаа. Энэ хоёр замын ус зайлуулах эх дээр зөвшөөрөлгүй барилга баригдсанаас болж үерийн ус шугам хоолой руу бус шууд зам руу орж ирснээс зам нь эвдэрсэн.
Маргааш уулын аманд ус зайлуулах шугамын эх дээр барилга барьсан компанитай уулзана. Туул голын эрэг дээр байгаа 28 иргэнийг нүүлгэнэ. Дахиад бороо орвол энэ байдал үргэлжлэх учир хатуу арга хэмжээ авах бодолтой байгаа.









