Хоёр гэр шатаж, 48 настай эрэгтэй НАС БАРЖЭЭ
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы нэгдүгээр хэсэгт таван ханатай хоёр гэр шатаж, 48 настай эрэгтэй нас баржээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр өдрийн 00:05 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, иргэн Д-ын 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.
Мөн уг гал түймэрт иргэн Д /48 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. Мөн иргэн Г /74 настай, эмэгтэй/-ын 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ 103-ийн жижүүрийн эмчид хүлээлгэн өгсөн байна.









