ОБЕГ: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
Сэлэнгэ аймагт бороо үргэлжлэн орсны улмаас Мандал суманд байрлах “Хараа” голын гүүрний найман тулгуур баганын нэгдүгээр тулгуур өнөөдөр буюу долдугаар сарын 8-ны өдрийн 14:14 цагт доош нурж голын усанд хүрсэн.
Мөн Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын 12 дахь км-т буюу Дарханаас Эрдэнэт рүү салдаг уулзварын урд талд Сайханы гүүрний ойролцоо Хараа гол зорчих хэсгийн дээгүүр давсан тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хөдөлгөөн хязгаарлаж, зам хаасан. Тус чиглэлийн хөдөлгөөн Ширээ нурууны гүүрээр үргэлжилж байгаа юм.
Бусад нутгаар цаг агаар тогтуун, авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа ч цаг уурын байгууллагын мэдээлснээр ойрын өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчихдоо мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг мэдээллийг сайтар сонсож, баталгаат зам, гүүрээр зорчихыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
Мөн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр байдлаар:
- Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хараа, Ерөө, Шарынгол, Балж, Онон, Их Хялганы нурууны Халх, Хангай нурууны араас усжих Сэлэнгэ мөрөн, Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-70 см нэмэгдэж,
- Шарын гол, Хараа гол, Дархан хот, Ерөө гол, Дулаанхаан сум, Хэрлэн гол, Багануур дүүрэг, Мөнгөнморьт сум орчимд үерийн аюултай түвшнийг 15-70 см,
- Хараа, Хүдэр, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Халх зэрэг голууд үерийн түвшнийг 15-40 см даван хүчтэй үерлэжээ.









