Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа гурван анги, байгууллагын ТҮҮХТ ОЙ тохиож байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн түүхт 60 жил, Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих анги, Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги үүсэж хөгжсөний түүхт 50 жилийн ой энэ онд тус тус тохиож байна.
Түүхийн хуудаснаа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1963 оны 328 дугаар тогтоолоор “Шохой, тоосго боловсруулах нэгдсэн үйлдвэр” нэртэйгээр анх байгуулж, тухайн цаг үеэс ял шийтгүүлсэн хүнийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцуулах зорилгоор ил аргаар шохойн чулуу олборлох, шохой боловсруулах үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн юм.
Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих анги нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 347 дугаар тогтоол, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдын 1972 оны тушаалаар “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд барилгын колони” нэртэйгээр, Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 347 дугаар тогтоол, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1973 оны “Зарим колонийг байгуулан аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулах тухай” тушаалаар Ардын армийн 023 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн 1974 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй.
Тус анги, байгууллагын үе үеийн удирдлага, ахмад настнууд, одоо ажиллаж буй нийт бие бүрэлдэхүүн Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангах, хуульт ёсыг бэхжүүлэх, хуулиар хүлээсэн тусгайлсан чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ улс, эх орны бүтээн байгуулалт, байгууллагын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.









