Наадмаар Төв цэнгэлдэх рүү 4, Хүй долоон худагруу 2 чиглэлээс нийтийн тээврийн автобус явна
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Нийслэлийн замын хөдөлгөөн, хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Б.Батболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Баяр наадмын өдрүүдэд 6,470 тээврийн хэрэгслийг зогсоолын талбайд байршуулахаар замын цагдаагийн байгууллагаас төлөвлөсөн. Үзэгчид, гаднын зочид төлөөлөгчид, хөдөлгөөнд оролцогчдын тээврийн хэрэгслийг дараах байршлуудад байрлуулна. Үүнд:
№ | Зөвшөөрлийн төрөл | Байршил | Зогсоолын тоо |
1 | "А", "Дк" | ХУД-ийн 15 дугаар хороо, Наадам центрийн зогсоол | 550 |
2 | "Ж" | "Говийн од" ХХК-ийн зогсоол | 100 |
3 | "Ү" | М Си Эс групп, И-Мартын баруун зогсоол | 400 |
4 | "Г" | Дүнжингарав худалдааны төвийн зогсоол | 2,000 |
5 | Нээлттэй | Нарантуул ОУХТ-ийн зогсоол | 2,000 |
6 | Нээлттэй | Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зогсоол | 120 |
7 | Нээлттэй | "Мишээл экспо"-ийн зогсоол | 400 |
8 | Нээлттэй | Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол | 500 |
9 | Нээлттэй | Улаанбаатар төмөр замын зогсоол | 400 |
нийт | 6,470 |
"Ж" зогсоолд жуулчдын автобус, унааг байршуулна. Нарантуул ОУХТ болон "Мишээл экспо" төвийн зогсоолд нийтийн тээвэр байршуулан иргэдийг зөөхөөр төлөвлөсөн" гэв.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж ирэх иргэдэд зориулан нийт дөрвөн чиглэлээс нийтийн тээврийн богинын хөдөлгөөнийг эхлүүлж, сурын талбайн урд талын зогсоолд буулгах юм байна. Үүнд:
- Дүнжингарав худалдааны төв - Төв цэнгэлдэх хүрээлэн
- Мишээл сити - Төв цэнгэлдэх хүрээлэн
- Нарантуул ОУХТ - Төв цэнгэлдэх хүрээлэн
- Вокзал/1,000 машины зогсоол/ - Төв цэнгэлдэх хүрээлэн
Харин хотын төвөөс Хүй долоон худаг руу хоёр чиглэлээс тодорхой цагуудад нийтийн тээврээр үйлчилнэ.
- МУБИС-ийн баруун талын автобусны буудал - Хүй долоон худаг чиглэлд нийт тав
- Төв цэнгэлдэх хүрээлэн - Хүй долоон худаг чиглэлд нийт 10 автобус тус тус үйлчлэхээр болжээ.