“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн: УБТЗ 74 жилийн түүхэндээ тохиолдож байгаагүй хүндрэл бэрхшээлийг давж чадлаа

2023 оны 6 сарын 27

Arslan.mn

Саяхан 74 жилийн ойгоо тэмдэглэсэн “УБТЗ” ХНН-ийн  дарга Х.Хэрлэнтэй ярилцлаа.

-Та ковид цар тахлын хүнд үед УБТЗ-ын даргаар томилогдсон. Анх ажлаа хүлээж авахад нөхцөл байдал ямар байв. Хүндрэлээс гарахын тулд ямар ажлууд хийв.

-2 жил шахам хугацааны өмнө намайг ажлаа хүлээж авч байх үе бол дэлхий нийтэд ковид цар тахлын халдвар эрчимтэй тархсан, улс орнуудын хоорондын ачаа тээвэр үлэмж хэмжээгээр багасаж үүнээс улбаалж Монгол Улсын маань эдийн засгийн байдал ч хүнд байдалд орсон үе байлаа. УБТЗ-ын хувьд ч гэсэн экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 50 гаруй хувиар буурсан, мөн нийтдээ 19 бүлгийн ачаа тээвэрлэдэг ч транзит болон экспортын зарим төрлийн ачаанаас бусад бүх ачааг олон жил алдагдалтай тээвэрлэж, жил бүр асар их хэмжээний алдагдал хүлээж ирсэн байлаа.

Ганц жишээ хэлэхэд зөвхөн зорчигч тээврээс гэхэд л жил бүр 40-50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж иржээ. Энэ байдал нь УБТЗ-ын санхүүгийн чадавхыг доройтуулж, дорвитой техникийн шинэчлэл хийх боломжийг нь хязгаарлаж ирсэн байна.

Эдгээр шалтгаануудын улмаас УБТЗ-ын тээврийн хэмжээ буурч, санхүүгийн хямралд  орсон хүнд  байдал угтсан. Гэсэн ч УБТЗ-ыг санхүүгийн эрсдэлээс гаргах, цаашид хөгжүүлэх хариуцлагатай хүнд үүрэг ногдсон учраас ухарч шантрах зам байгаагүй. 

Ажлаа аваад хамгийн эхэнд дараах 3 асуудалд онцгой анхаарлаа хандуулж ажилласан. Үүнд:

1-рт. Ковид цар тахлын халдварын улмаас БНХАУ хилийн хатуу хорио цээр тогтоосон үед Замын-Үүд – Эрээн боомтын галт тэрэг солилцоо хоногтоо 14 галт тэрэг солилцох ёстой ч энэ үзүүлэлт 8 хүртэл буураад байлаа. Үүнийг нэмэгдүүлнэ гэдэг бол маш хүнд асуудал байв. Энэ асуудлаар Хятадын талтай удаа дараа уулзалт яриа хэлэлцээр зохион байгуулж олон талт арга хэмжээ авсны үр дүнд маш сайн ойлголцон хамтран ажиллаж галт тэрэг солилцоог 2022 оны 1-р сараас хоногт 10 галт тэрэг, 9-р сараас хоногт 14 галт тэрэгт хүргэж тус тус нэмэгдүүлсэн. Ингэж галт тэрэг солилцоог цар тахлын өмнөх хэвийн түвшинд нь хүргэж чадсан төдийгүй мөн оныхоо 10, 11 дүгээр сард 8 удаа хоногтоо 15 галт тэрэг, 1 удаа 16 галт тэрэг, 12 дугаар сард 1 удаа 17 галт тэргийг тус тус Эрээн өртөөнд хүлээлгэн өгч шинэ түүхэн дээд амжилтуудыг тогтоосон.

Хилийн галт тэрэг солилцоо гэдэг бол экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг тодорхойлж байдаг манай байгууллагын үндсэн чиг үүргийн маш чухал үзүүлэлт учраас ингэж өндөр ач холбогдол өгч яриад байгаа юм. Тухайлбал Замын-Үүд-Эрээн хилийн боомтуудын өргөн, нарийн царигийн галт тэрэг солилцоог нэгээр нэмэгдүүлэхэд л ма­най тээврийн хэмжээ жилдээ 2 сая ор­чим тонноор өсдөг гэхээр ямар чухал үзүүлэлт вэ гэдэг нь тодорхой юм.

Мөн 2023 оны хоёрдугаар сард болсон хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр Замын-Үүд - Эрээн боомтоор Хятадын талтай хоногт өргөн царигаар 15 галт тэрэг, нарийн царигаар 8 галт тэрэг солилцож байхаар тохиролцсон нь 2015 оноос хойш гарсан том ахиц дэвшил болсон. Энэхүү тохиролцоонд хүрэхээс өмнө Замын-Үүд - Эрээн өртөөгөөр Хятадын талтай хоног тутамд өргөн царигаар 14 галт тэрэг, нарийн царигаар 6 галт тэрэг солилцохоор хэлэлцээрт тусгасан байсан бол дээрх шийдвэрийн үр дүнд өнөөдөр Замын-Үүд – Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 15 галт тэрэг тогтмол солилцож байна. Мөн дээрх зөвлөгөөнөөр Наушки-Сүхбаатарын боомтоор Оросын талтай хоногт 8 галт тэрэг солилцож байсныг 10 болгож нэмэгдүүлэхээр тохирсон. Ийнхүү бидний зүгээс галт тэрэг солилцоо болон тээврийн хэмжээгээ боломжит хэмжээгээр нэмэгдүүлж чадлаа.

2-рт. УБТЗ-ын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд голлох үүрэгтэй галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх техникийн боломж нөхцөлийг сайжруулахын тулд хөрш орнуудын хилийн өртөөдийн хүчин чадлыг харилцан уялдаатай нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарч ажилласан. Энэ асуудал сүүлийн 10 гаруй жил зогсонги байдалд ороод байсан юм. Уг асуудлаар хөрш орнуудынхаа төмөр замын удирдлагуудтай ярьж тохирсны дагуу хятадын тал өнгөрсөн жил Эрээн өртөөний  хүчин чадлыг өргөтгөж, Эрээн-Жининь хоорондын замд 5 өртөө шинээр барьж нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлсэн бол Оросын тал энэ жил Наушки өртөөг өргөтгөх болон Наушки – Улаан-Үүд хоорондын замыг шинэчлэх ажлыг хийж эхлээд байна. УБТЗ-ын хувьд өнгөрсөн жил Замын-Үүдийн нарийн царигийн 2 дахь замыг улсын хил хүртэл барьснаас гадна Замын-Үүд 2 – Шаргын-Овоо өртөө хоорондын замыг хос болгох ажлыг хийж гүйцэтгэлээ. Ийнхүү хөрш орнуудын хилийн өртөөд хүчин чадлаа харилцан уялдаатай нэмэгдүүлснээр Замын-Үүд – Эрээн өртөөгөөр хоногт 20 хүртэлх галт тэрэг, Сүхбаатар – Наушки өртөөгөөр хоногт 14 хүртэлх галт тэрэг солилцох хүчин чадалтай болох юм.

Хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх талаар авсан эдгээр арга хэмжээний үр дүнд энэ оны эхний 5 сарын байдлаар УБТЗ 13,4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 25,7 хувиар илүү байна. Энэ нь оны эцэст 32 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилтаа ахиулах төлөвтэйг харуулж байна.

3-рт. Дээр хэлсэнчлэн УБТЗ-ын дараагийн тулгамдсан гол асуудал бол тээврийн тарифыг индексжүүлж, тарифын алдагдлыг бууруулах явдал байлаа. Энэ чиглэлээр “УБТЗ” ХНН-ийн зүгээс 2021-2025 оны дунд хугацааны тарифын бодлогыг боловсруулж, Монгол Улсын Засгийн Газрын зөвшөөрлөөр холбогдох яамд болон ШӨХТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр тарифын индексжүүлэлтийг шат дараалан хийж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүний үр дүнд УБТЗ-ын тээврийн тарифын алдагдал багасаж, санхүүгийн чадавхад эерэг нөлөө үзүүлж эхлээд байна. 2022 онд ковид цар тахлын хүндрэл болон тээврийн тарифын алдагдлаас УБТЗ 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээх байсан ч тээврийн тарифыг индексжүүлж, хэмнэлтийн горимд шилжиж ажилласны үр дүнд дээрх алдагдлыг 140 шахам тэрбум төгрөгөөр бууруулж чадсан.

УБТЗ-ын тээврийн тарифын алдагдлыг боломжит доод түвшинд хүртэл бууруулж чадсанаар тус нийгэмлэгийн санхүүгийн чадавх сайжирч, техник, технологийн шинэчлэлийг эрчимтэй хийх боломж нээгдэж байна.

Ийнхүү УБТЗ-ын 74 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй хүндрэл бэрхшээлийг хохирол багатайгаар давж чадсандаа туйлын их баяртай байна. Энэ бол бидний зүгээс зах зээлийн эдийн засагт нийцсэн удирдлагаар ханган зөв бодлого барьж, шинэлэг менежментээр ажилласны үр дүн бөгөөд нөгөө талаас төмөр замчид маань нойр хоолоо умартан хоногийн 24 цагаар тасралтгүй ажиллаж, атгасан гар шиг  хамтдаа нэгэн зорилгын төлөө хамтран зүтгэсний илрэл юм.

-Таныг УБТЗ-ын даргаар томилогдсоноос хойш УБТЗ төр засгийн зүгээс чамгүй их дэмжлэг авчээ. МонП-1, МонП-2 зээлтэй холбоотой асуудал болон УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх асуудал эцэслэн шийдэгдсэн үү?

-УБТЗ цаашдаа ч Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал  үүрэгтэй бөгөөд өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангахын тулд техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүүгийн хүндрэлээс гаргах асуудал бас л тулгамдсан чухал асуудал болоод байгаа юм.

Энэ бол 1990-ээд оны эхэн үед “УБТЗ” ХНН нь Монгол Улсын Сангийн яамаар дамжуулж Япон улсаас авсан Мон-П1, Мон-П2 гэгддэг зээлийн үлдэгдэл өр болох 83,7 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг  манай Засгийн газраас “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг өсгөх замаар хөрөнгө оруулалт хийх, улмаар ижил тэнцүү хэмжээгээр “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг өсгөх саналыг ОХУ-ын Засгийн газарт тавьсан.

Энэ санал дээр 2 тал нэгдсэн ойлголцолд хүрч 20 гаруй жилийн дараа шийдлээ оллоо.  Монгол, Оросын тээврийн асуудал хариуцсан сайд нар 2023 оны 6-р сарын 21-ний өдөр Москва хотноо УБТЗ-ын дүрмийн санг 167 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тухай 1949 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах протоколд гарын үсэг зурснаар энэ асуудал амжилттай эцэслэн шийдэгдлээ. Ингэснээр Нийгэмлэгийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, ачаа болон зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн техник, технологийг шинэчлэх төсөл, хөтөлбөрийг зах зээлийн зарчмаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

-“УБТЗ” ХНН саяхан 74 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Энэ үеэрээ Замын-Үүдийн боомтоор түүхэндээ анх удаа 18 галт тэрэг солилцож түүхэн амжилт тогтоосон гэж дуулсан. Ачаа тээврийн амжил­туудаасаа тодруулж ярина уу?

-Манай төмөр замчид ачаа тээврийн амжилтаа урагш ахиулж, амжилтаас амжилтад байнга тэмүүлж байдаг. Хамгийн гол нь энэхүү амжилтын ард төмөр замчдын маань шаргуу хөдөлмөр, тэсвэр тэвчээр, хөлс хүч шингэсэн байдаг. Өнгөрсөн жилийн хувьд Замын-Үүд-Эрээн боомтын өргөн царигаар хэд хэдэн удаа 16-17 галт тэрэг солилцож шинэ дээд амжилт тогтоосон. Тэгвэл энэ жилийн хамгийн бахархалтай үйл явдал бол УБТЗ-ын хамт олон “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсан түүхт ойн өдрөө буюу 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр  Замын-Үүд-Эрээн боомтын өргөн царигаар 18 галт тэрэг, нарийн царигаар 9 галт тэрэг, Наушки-Сүхбаатарын боомтоор 10 галт тэрэг солилцож түүхэн шинэ дээд амжилт тогтоосон.    

Мөн өөр нэг чухал үзүүлэлт бол ачилт. Тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд шилжүүлэн ачилтын хурд маш чухал үзүүлэлт байдаг. Манай Замын-Үүд, Сүхбаатар зангилааны төмөр замчид энэ жил хэд хэдэн удаа ачилтын дээд амжилтаа ахиуллаа. Хамгийн сүүлд Замын-Үүдийн төмөр замчид маань 5-р сарын 20-нд нэг ээлжиндээ 457 вагон ачиж ачилтын дээд амжилтаа дахин шинэчлэн тогтоогоод байна.

-Та саяхан “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирлын урилгаар БНХАУ-д айлчилсан. Айлчлалын үр дүнгийнхээ талаар сонирхуулна уу?

-“Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал сүүлийн 20 гаруй  жилд анх удаа УБТЗ-ын даргыг албан ёсоор урьж уулзсан явдал нь хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагаанд хятадын тал өндөр ач холбогдол өгч, харилцаа хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхийг зорьж байгааг харуулсан үйл явдал боллоо. Айлчлалын үеэр “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуе, “Хөх хотын төмөр замын групп” компанийн ТУЗ-ийн дарга Жуан Хө болон “Хөх хотын төмөр замын групп” компанийн ерөнхий захирал Ян Бин нартай тус тус албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, Замын-Үүдийн нарийн царигийн 2 дахь замыг хятадын талтай холбох, хилийн өртөөдийн хүчин чадлыг харилцан уялдаатай нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр тээвэр зохион байгуулалтын ажлыг сайжруулах, ачаа тээврийн бичиг баримтыг цахимаар солилцох, дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийг нэмэгдүүлэх, олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээх зэрэг асуудлуудаар харилцан санал солилцож нэгдсэн тохиролцоо ойлголцолд хүрсэн бөгөөд зарим нэг тулгамдаж байгаа асуудлуудыг судалж шийдэл олох хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тохирлоо.

Энэхүү айлчлал нь хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд шинэ үе шатанд гарсан маш чухал алхам болсон.

-Олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх асуудал яригдсан гэдгийг тодруулж ярьж өгнө үү. Хэдийнээс Монгол-Хятадын хооронд зорчигчийн галт тэрэг аялж эхлэхийг хүмүүс сонирхож байгаа нь лавтай.

-Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбоотойгоор цар тахлын халдварын улмаас зогссон олон улсын галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх бэлтгэл ажлаа УБТЗ-ын зүгээс хийж дуусгасан бөгөөд ойрын хугацаанд хоёр улсын хооронд олон улсын зорчигчийн галт тэргийг аялуулах хүсэлтэй байгаагаа Хятадын талд уламжилсан. Хятадын төмөр замын зүгээс энэ асуудал дээр онцгой анхаарч ойрын хугацаанд олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх асуудлыг  шийднэ гэдгээ мэдэгдсэн.

-Та богино хугацаанд маш олон чухал ажлуудыг амжуулжээ.  Ярилцлагынхаа сүүлийн асуултыг танд  үлдээе?

- Цар  тахлын дэгдэлттэй зэрэгцэн валютын ханшны өсөлт, инфляцийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байсан нь ард түмэнд хүндээр туссан.  Гэхдээ хэн нэгнээс шалтгаалаагүй энэхүү бэрхшээлийг даван туулахын төлөө Замын удирдлагын зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргаж энэ хүнд үеийг давах бодлого, арга хэмжээг үе шаттай шуурхай төлөвлөн хэрэгжүүлж ажиллалаа. Эдгээр ажлын үр дүнд хамгийн бодит өгөөж авчирсан гол шийдэл гэвэл төмөр замчдынхаа хөдөлмөрийн үнэ цэнэ, учирч буй хүндрэл бэрхшээлээ төрийн байгууллагуудад цаг алдалгүй ойлгуулж, алдагдалтай тээврийн тарифуудыг нэмэгдүүлж ашигтай түвшинд хүргэсэн явдал юм.

Мөн бид энэ оны 7 дугаар сарын 1-нээс төмөр замчдынхаа үндсэн цалинг дунджаар 15 хувиар нэмж, шагнал урамшууллыг тэгшитгэж, бүсийн нэмэгдлийг мөнгөн дүнгээр тооцож олгох, ижил ажлын цалин хөлсийг нэмэгдүүлэн зөрүүг арилгах зэрэг томоохон арга хэмжээнүүдийг авч ажилласнаар сүүлийн 10 шахам жил хүлээгдсэн байсан цалин хөлсний системийн шинэчлэлийг эхлүүллээ.

Ер нь товчхондоо ойлгуулж хэлэхэд бид өнгөрсөн хугацаанд  тээж байгаа ачааны хэмжээгээ өсгөн нэмэгдүүлэх, тээх ачааны тарифууд нь алдагдалгүй, ашигтай байх, ашиг орлого нэмэгдсэний үр дүнд байгууллагадаа шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийж, төмөр замчдынхаа ахуй амьдрал, нийгмийн асуудлыг цаг үеийн байдалтай уялдуулан тухай бүр оновчтой, өгөөжтэй шийдэж байхын төлөө л ажилласан бөгөөд цаашдаа ч энэ зарчмаар ажиллах болно.

-Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Танд баярлалаа. Ингээд нийт төмөр замчиддаа болон хамтран ажилладаг иргэн, аж ахуйн нэгж бай­гууллагууддаа ажлын өндөр амжилт хам­гийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Б.Мөрөн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648465
1 эможи

DR. ADITY
2024-02-21 13:27
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITY
2024-02-21 13:27
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
фцб
2023-09-19 11:59
вагон зарахаа больцгоо
иргэн
2023-09-06 10:41
ТА НАРЫН ЗӨВХӨН НЭГ НЬ Л ХЭДЭН АРВАН ТЭРБУМААР АВИЛГА АВААД БАЙХААР ЯАЖ НААД ТӨМӨР ЗАМ ЧИНЬ СЭХЭХ ЮМ БЭ ? ТЭГЭЭД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭЭР ХИЙЖ БАЙГАА АЖИЛ БАЙХГҮЙ, СЭТГЭЛГҮЙ. ҮНЭ ТАРИФ НЭМЭХЭЭС ӨӨР ЯМАР Ч ЮМАНД ТОЛГОЙ АЖИЛЛАХГҮЙ.
keyboard_arrow_up