Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөх заалт дэмжигдэв
УИХ энэ долоо хоногт нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнын хороонд шилжүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх тухай заалт дэмжигдлээ. Уг заалтыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дэмжихгүй, эсэргүүцэж байгаагаа илэрхийлж үг хэлсэн юм. Гэвч түүний байр суурийг дэмжих гишүүд олонх болж чадсангүй.
Уг заалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Ганцэцэг тайлбарлахдаа "Малчдын 20 орчим хувь буюу 40 гаруй мянган малчин нийгмийн даатгалд хамрагдаж байгаа. 2019 онд хуульд өөрчлөлт оруулж тэтгэвэр гарах насыг нь наашлуулсантай холбоотойгоор 27 орчим мянган малчин нийгмийн даатгалаас тэтгэвэр авч байгаа. Малчид нийгмийн даатгалд хамрагдалт бага байгаатай холбоотойгоор малчин нийгмийн даатгалын шимтгэлийнхээ тав хүртэлх жилийн шимтгэлийг өөрөө хариуцан төлж байгаа бол тэр шимтгэлийнх нь 50 хувийг төрөөс хариуцъя гэсэн зохицуулалт орж байгаа. Малчид дунджаар 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Ингэж нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлүүлэхгүй бол улсын төсвөөс 13.2 их наяд төгрөг зарцуулахаар байгаа учраас ийм зохицуулалт хийсэн.
Малчин гэж хэнийг хэлэх гэдгийг Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд "Жилийн дөрвөн улиралд мал аж ахуйн орлогоороо аммьдралаа залгуулж байгаа хүнийг малчин гэнэ" гэж тодорхойлсон байдаг" гэсэн юм.