“Оюутан цагдаа“ нарын ажлыг хөнгөвчлөх зорилгоор орчуулагч төхөөрөмж, унадаг дугуй, цахилгаан скүүтерээр хангалаа

2023 оны 6 сарын 23

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн цагдаагийн Удирдах газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоо хамтран зохион байгуулдаг “Оюутан цагдаа-2023” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд боллоо. 

Тус үйл ажиллагаанд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг, Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын дэд дарга Б.Оюутболд, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон "Оюутан цагдаа" хөтөлбөрт хамрагдаж буй залуусын төлөөлөл оролцлоо. 

Улаанбаатар хотын 21 их, дээд сургуулийн 150 оюутан цагдаа зуны туршид гадаадын жуулчдын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болон шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллана. 

Arslan.mn

Энэ үеэр Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын дэд дарга Б.Оюутболд хэлсэн үгэндээ "2022, 2023 онд оюутан цагдаа нарын орон тоо, урамшууллыг нэмэгдүүлсэн. Энэ оны онцлог нь төвийн бүсэд ажил үүргээ гүйцэтгэж байгаа оюутан цагдаа нарт унадаг дугуй, скүүтер, гадны жуулчидтай ажиллахад нь тус болох зорилгоор олон улсын хэлтэй орчуулгын төхөөрөмжөөр хангасан. Мөн ТББ, ААН-үүдэд “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдаж буй залууст зуны халуунд ажил үүргээ гүйцэтгэхэд туслах зөвлөмжийг хүргүүлсний үндсэнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй бүх сүлжээ ресторануудаар дамжуулж хүйтэн усаар хангах, бие засах газраар үйлчлүүлэх боломжийг нээж өгсөн.

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар өдөрт 2400 орчим гадаадын иргэн Монгол Улсад ирж байна. Цаашид энэ тоо нэмэгдэж, өдөрт 3000 орчим жуулчин ирэх мэдээлэл байгаа учраас “Оюутан цагдаа” нарыг бүх жуулчдад мэдээлэл өгөх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт, мэдээллийг өглөө. Оюутан цагдаа нар нэг ээлжиндээ дөрвөн цагаар ажиллах бөгөөд хоёр ээлжээр ажиллана. Цагдаагийн байгууллагаас тэдний аюулгүй байдал, үүрэг гүйцэтгэл дээр нь мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэгийг өгч, өдөр тутамдаа хяналтаа тавиад ажиллах юм. Нийслэлийн Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргүүдэд жуулчид ихээр зорчдог учраас энэ хоёр дүүрэг дээр оюутан цагдаа ажиллахаас гадна Үндэсний их баяр наадам, Нүүдэлчин Монгол фестиваль, Хүрээ цам даншиг наадам гэх мэт хүний хөдөлгөөн ихэссэн үед оюутан цагдаа нар ажиллана. Жуулчдаас гадна хүүхэд төөрөх, иргэд гэмт хэрэг зөрчилд өртөж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх зэрэг ажлыг хийх юм." хэмээлээ. 

Arslan.mn

Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга Д.Батсүх: 

“Оюутан цагдаа” хөтөлбөр жил бүр тогтмол хэрэгжээд явж байна. Улаанбаатар хотод ирсэн гадны жуулчдад мэдээллийн бэрхшээл, хэлний бэрхшээл тулгарахаас гадна хулгай, дээрмийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бий. Энэ бүгдэд манай “Оюутан цагдаа” нарын гүйцэтгэх үүрэг их. Ялангуяа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эд зүйлсээ хулгайд алдсан тохиолдолд олж өгсөн, тусалсан олон тохиолдол байдаг. Жуулчид ч үүн дээр маш сэтгэл хангалуун байж, эерэг сэтгэгдэл үлдээдэг. Үүнээс гадна “Оюутан цагдаа” нар мэдээллийн ажилтны үүргийг давхар гүйцэтгэж байгаа. Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээллийн төвүүд оюутан цагдаа нартай хамтран ажиллаж, шаардлагатай мэдээллийг тогтмол өгнө.

Зуны улиралд жуулчид ихээр ирдэг энэ цагт “Оюутан цагдаа” нар маань маш том үүргийг гүйцэтгэж байна.

Манай байгууллагын хувьд “Оюутан цагдаа” нарын бүртгэлийг хийж, тэдэнд шаардлагатай мэдээ, мэдээллийг өгөх, сургалт зохион байгуулах ажлыг хийж байна. Цаашид оюутан цагдаа нарын тоо, хүртээмж, ажиллах хил хязгаарыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Манай газар нь жилийн турш 14 томоохон арга хэмжээг зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээнд ч гэсэн “Оюутан цагдаа” нарыг ажиллуулах сонирхолтой байна.

Arslan.mn

Оюутан цагдаа Т.Хансүрэн

"Оюутан цагдаа"-гаар анхны жилдээ ажиллаж байна. Найзаасаа энэ талын мэдээллийг авч, хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтойг нь мэдээд ажиллахаар шийдсэн. Биднийг техник, технологиор хангахаас гадна аюулгүй байдал тал дээр тогтмол анхаарч байгаа болохоор сэтгэл хангалуун байгаа. Миний хувьд “Оюутан цагдаа” гэхээр нь эрэгтэй хүүхдүүд л их байгаа байх гэж бодсон чинь эсрэгээрээ охидууд их байсан. Оройн цагаар “Оюутан цагдаа”-г ажиллуулахгүй бөгөөд 18:00 цагт ирцээ бүртгүүлээд өнөөдрийн үйл явдал, өдөр хэрхэн өнгөрсөн талаарх мэдээллээ өгөөд ажлаа тардаг. Анх гэрийнхэндээ хэлэхэд гайхаж хүлээж авч байсан бол жуулчидтай ихээр харьцдаг, хэлээ сайжруулах боломжтойг мэдээд эерэгээр хүлээж авсан. Иргэдийн хандлага ч гэсэн сайн байгаа.

Arslan.mn

Оюутан цагдаа Б.Өсөх-Ирээдүй

Энэ арга хэмжээг зохион байгуулснаар оюутан залууст маш их ач холбогдолтой байна. Бид хамгийн түрүүнд энэ хөтөлбөрөөр дамжуулан хүнтэй харилцаж сурч байна. Мөн хэлний мэдлэгээ дээшлүүлэх, зарим мэдэхгүй зүйлсээ мэдэж авах, гадаадын иргэдтэй танилцах зэрэг маш олон давуу талыг өөртөө бий болгож байна. Үүнээс гадна бид хүнд тусалж байгаа нь хамгийн сайхан. Настай хүмүүс “Хүнд туслах нь буянтай үйл” гэж ярьдаг учраас надад маш сайхан санагддаг. Миний хувьд хэлний бэлтгэлд явдаг учраас хэлнийхээ чадварыг сайжруулах, практикт ашиглах зорилгоор энэ хөтөлбөрт хамрагдаад хоёр дахь жилдээ оюутан цагдаагаар ажиллаж байна. Анх энэ хөтөлбөрийн мэдээллийг фэйсбүүк хуудаснаас олж мэдээд бүртгүүлээд орж байсан. Энэ жилийн хувьд хэлний түвшин сайтай хүүхдүүд бүртгүүлсэн нь харагдаж байна. Өөр өөр төрлийн хэлтэй хүүхдүүд нэмэгдсэн байна. Өмнө жил ихэвчлэн англи хэлтэй хүүхдүүд байсан бол энэ жил орос, солонгос, япон хэлтэй хүүхдүүд нэмэгдсэн байсан. Үүнээс гадна цагдаагийн байгууллагаас ажиллах нөхцлийг сайжруулах үүднээс скүүтер, дугуйгаар хангаж өгсөнд баяртай байна. Гэрийнхэн маань эхний жил ойлголтгүйгээс болоод зөвшөөрөхгүй байх тохиолдол байсан. Харин сайн тайлбарлаад хэлэхэд эерэгээр хүлээж авсан.

Arslan.mnЭнэ жилийн тухайд оюутан цагдаа нарын ажлыг хөнгөвчлөх үүднээс унадаг дугуй, цахилгаан скүүтерээр хангаж ажиллаж байна.

Тус хөтөлбөр нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, оюутан залуусыг түр ажлын байраар хангаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 2014 оноос эхэлсэн аж. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648392
0 эможи

Зочин
2023-06-23 20:15
Скуунер, унадаг дугуйг аюулгуй байдлын ууднээс хориглох хэоэгтэй
keyboard_arrow_up