Д.Сумьяабазар Азийн 70 мянган залуучуудыг эх орондоо урилаа
Дэлхийн 110 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг JCI байгууллагын салбар JCI Монгол байгууллага Монгол Улсад үүсгэн байгуулагдаад 31 дэх жилийн нүүр үзэж байна. Идэвхтэй, манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэсэн нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх зорилготой тус байгууллага жилд 70 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 1.4 тэрбум төгрөгийг гишүүд, хамтран ажиллагч байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр нийгмийн сайн сайхны төлөө зориулж байна.
JCI байгууллага нь жил бүр 4 тив болон дэлхийн чуулган зохион байгуулдаг бөгөөд 2023 оны Ази Номхон Далайн бүсийн чуулган Индонези улсын Жакарта хотод амжилттай зохион байгуулагдсан ба энэ үеэр JCI Монгол байгууллага төдийгүй Монгол улсын хэмжээнд чухал ач холбогдолтой үйл явдал болсон нь 2025 дээрх бүс нутгийн чуулганыг манай залуучууд эх орондоо зохион байгуулах эрхийг авчээ. 2017 онд JCI байгууллагын Ази Номхон Далайн бүсийн чуулган анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ үеэр дэлхийн 51 улсын 3600 орчим залуучууд чуулж 4 хоногийн дотор Монгол улсад 12 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин 2025 онд дэлхийн 5000 орчим идэвхтэй манлайлагч залуучууд эх оронд минь чуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Тус чуулганыг 2017 онд амжилттай зохион байгуулахад МУ-ын Засгийн газар, нийслэл Улаанбаатар хот маш том дэмжлэгтэйгээр оролцсон бөгөөд энэ удаад ч мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар Индонези улсын Жакарта хотод очиж Монгол улсыг сурталчилсан Монгол үдэш арга хэмжээ болон нэгдсэн хуралдаанд оролцон, мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж Ази тивийн 70 мянга орчим залуусыг нийслэл хотдоо урьж, урдын адил нийслэлийн удирдлагууд JCI байгууллагатай хамтран ажиллаж, дэмжихээ илэрхийлсэн юм.
Нийгэмд эерэг өөрчлөлт түгээхийн төлөө сайн дураараа нэгдэн ажиллаж буй JCI Монгол байгууллагын 1300 гишүүд болон Монголын залуучуудыг үргэлж дэмжиж хамт байдаг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар танд гүн талархал илэрхийлж байна. Мөн 2025 оны JCI байгууллагын Ази Номхон Далайн бүсийн чуулганыг зохион байгуулах ажилд нь JCI Монгол байгууллагын гишүүддээ амжилт хүсье.