УНТЭ-т Цусны сийвэн шүүх, бөөр үргэлжлүүлэн орлуулах “Prismaflex system“ аппаратыг хандивлалаа

2023 оны 6 сарын 21

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь анх 2019 онд цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн. Тэгвэл 2022 оны 12 дугаар сараас эхлэн цусны бүлэг өөр донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг бэлдэж, өнгөрсөн тавдугаар сард цусны бүлэг өөр донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 17 настай Б.Намуун охинд хийжээ.

Охины биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан бөгөөд өнөөдөр охины гэр бүлээс УНТЭ-ийн "Эрхтэн шилжүүлэн суулгах төв"-ийн хамт олонд Цусны сийвэн шүүх, бөөр үргэлжлүүлэн орлуулах "Prismaflex system" аппаратыг хандивлалаа.

Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал,  Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч Д.Баян-Өндөр, НТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх Д.Нямсүрэн, Элэг шилжүүлэн суулгах багийн зөвлөх О.Сэргэлэн, болон цусны бүлэг ондоо донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон Б.Намууны ар гэрийнхэн, бусад албаныхан оролцлоо. 

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч, мэргэжилтнүүд Монгол Улсад анх удаа цусны бүлэг ондоо донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, эмчлүүлэгчийн ар гэрээс өндөр үнэтэй аппаратыг хандивлаж байгаад талархаж байна.

Энэ аппаратыг цусны сийвэн шүүхээс гадна удаан хугацаанд бөөр орлуулах эмчилгээг хийхэд ашигладаг. Эрхтэн шилжүүлэн суулгах төвд тус аппарат байдаггүй бөгөөд эрчимт эмчилгээний тасгаас сэлгэж хэрэглэдэг байсан. Тэгвэл аппараттай болсноор Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ, үйлчилгээний чанарын үзүүлэлт нэг шат ахиж байна. Цусны бүлэг ондоо донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг ЭМД-ын санхүүжилтэд оруулах шаардлагатай байгаа. Ингэснээр маш олон өвчтөнүүдийн амийг аврах боломж бий. Цаашид энэ тал дээр бидэнтэй хамтран ажиллааарай гэж уриалмаар байна.” хэмээлээ.

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хамт олон Монгол Улсдаа бөөр шилжүүлэн суулгах, элэг шилжүүлэн суулгах, үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал гэх мэт маш олон шинэ эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлсэн.

Arslan.mn

Б.Намууны аав П.Баасанжав:

Бидний охин бөөрний дутагдал гэх өвчнөөр оношлогдох үед бид гадаад, дотоодын маш олон эмнэлгийг судалж үзсэн. Энэ үед эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох өвчтөнд донорын асуудал маш их байгааг мэдэрсэн. Бидний хувьд ч гэсэн тохирох донор олдохгүй байсан тул арга буюу цусны бүлэг ондоо донороос бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болж, УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хамт олонд хандсан. Тус төвийн эмч нарын ур чадвар маш өндөр түвшинд хүрснийг өнөөдөр хараад бахархаж байна. Бид зөвхөн охины амийг авраад зогсохгүй эмнэлэг, өвчтөнүүдэд хэрэгтэй зүйл хийхийг хүсч энэхүү аппаратыг Эрхтэн шилжүүлэн суулгах төвдөө хандивлаж байна. Тус аппаратын тусламжтайгаар олон хүмүүсийн амь нас аврагдана гэдэгт итгэлтэй байна. 

Цусны бүлэг ондоо донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд ЭМД-аас төлбөр олгодоггүй болохоор төлбөр өндөр гардаг юм билээ. Тиймээс цаашид иргэн миний хувьд энэ тал дээр дуу хоолойгоо хүргэх болно.

Тус аппарат нь 140 төгрөгийн өртөгтэй бөгөөд цусыг цэвэршүүлэх эмчилгээ хийхээс гадна тодорхой заалтаар бөөрний үйл ажиллагааны алдагдалыг орлуулах зорилгоор ашигладаг. Мөн аппаратыг удаан хугацаагаар үргэлжилдэг элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед болон мэс заслын дараа өвчтөнд хэрэглэх өндөр ач холбогдолтой аппарат юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648337
1 эможи

keyboard_arrow_up