Иргэдийг машинаар хөөж, сүрдүүлсэн Л.Чинбатад гурван үндэслэлээр ХЭРЭГ НЭЭЖЭЭ

2023 оны 6 сарын 19

Arslan.mn

-Хөрөнгөө үнэн, зөв мэдүүлээгүй Соёлын сайдад “Шүүр” ажиллагаа үйлчлэх ёстой- 

“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт иргэд, малчдыг жолоодож явсан “Ланд круйзер” загварын автомашинаараа дайрч гэмтээсэн үйлдэл олны анхаарлын төвд байна. Дорнодын Баян-Уул сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн нутагт тууж ирснийг орон нутгийнхан нь эсэргүүцэж, Л.Чинбат тэднээс нэг бус хүнийг дайрсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. 

Уг адууг нь Төв аймгийн Баянцогт сумын уугуул, улсын харцага Ө.Даваабаатар тууж ирсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан хэргийн газарт ажиллаж гэрчүүдээс тайлбар, мэдүүлэг авах үед утсаа салгаж, хаана байгаа нь тодорхойгүй болсон байв. Тиймээс түүнийг олж тайлбар мэдүүлэг авах шаардлагатай гэж хууль хяналтын байгууллагынхан үзсэн юм. Харин үдэш нь тэрбээр зарим цахим хуудасны сурвалжлагчид “Утас цэнэггүй болсон байсан. Би одоо тайлбар өгөхөөр явах гэж байна” хэмээн ярьсан. 

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат дуулиан дэгдээснийхээ маргааш өглөө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчдөд тайлбар өгөөд удалгүй тус аймаг дахь “Алтанбулаг” боомтоор хил давж ОХУ руу сан юм.

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу дөнгөж шалгалт эхэлж байсан учраас шүүх нь түүнд хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломж бүрдээгүй үед ийнхүү хилээр гарчихав. Харин өмгөөлөгч нь “ОХУ-ын Буриад улс руу газар тариалангийн ажлаар явсан. Удахгүй эргэж ирнэ” хэмээж буй. 

Эх сурвалжуудын мэдээлснээр “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатад Эрүүгийн хуулийн гурван ч зүйл заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол прокурор баталсан аж. Тодруулбал, хэд хэдэн хүнийг “Ланд круйзер-200” загварын 1559 УБЦ улсын дугаартай автомашинаар хөөж дайрч, гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан, олон нийтийн сүлжээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийг малын хулгайч хэмээн мэдэгдэл гаргаж бусдын гүтгэсэн хэмээн тус хуулийн 13.14-т зааснаар, нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэн, гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Автомашиныг зэвсгийн чанартай ашигласан, бусдын эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн хэмээн хүндрүүлэх заалтыг ч нэмэх магадлал бий юм билээ. 

Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын жолоодож иргэд, малчдыг мөргөсөн, 2016 онд үйлдвэрлэсэн, мөн онд Монгол Улсад оруулж ирсэн “Ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгсэл нь охин, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номингийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заадаг ч энэ тохиолдолд Соёлын сайдад хамаатуулахаас өөр аргагүй. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шүүр”-ийн хүрээнд хариуцлага тооцох нөхцөл байдал ч энд ил болж буй юм. Тодруулбал, Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Соёлын сайд Ч.Номин ХАСХОМ-ээ үнэн, зөвөөр мэдүүлж АТГ-т гаргаж өгөх ёстой албан тушаалтан. Гэтэл тэрбээр ХАСХОМ-тээ “туулах чадвар өндөр “Тоёота Ланд круйзер-80” нэг” хэмээсэн байгаа. 

Харин аавынх нь жолоодож явсан нь “Тоёота Ланд круйзер-200”. Тэгэхээр ХАСХОМ-ээ худал мэдүүлснийг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний албаныхан анзаараагүй бололтой.

Хэрэв “Ланд круйзер-80”-тай байснаа худалдаж, оныг нь залуужуулсан ч Ч.Номин сайд ХАСХОМ-тээ их хэмжээний өөрчлөлт орж буй учраас тэр даруйд АТГ-т мэдүүлж бүртгүүлэх үүрэгтэй. Түүнийгээ хэрэгжүүлээгүй, зөрчсөн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа нэг гишүүнд хариуцлага тооцох үндэслэл бүрдээд байна.

Өөрөөр хэлбэл, 5Ш ажиллагаа шударга явагдах, эсэх нь энэ тохиолдлоос ард түмэнд тодорхой болно. Түүгээр ч зогсохгүй Л.Чинбатыг шүүх гэм буруутайд тооцвол Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлд зааснаар гэм хорыг барагдуулахад Ч.Номинг ч хариуцлагад татаж болзошгүй юм билээ. 

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
648258
4 эможи

даварсан байна
2023-06-20 05:52
ХҮН машинаар хөөж , мөргөж байгаа хүнийг баривчилдаггүй юм байна. ИРГЭН бүр хуулийн өмнө ижил хариуцлага хүлээх ёстой биш билүү. ЭСВЭЛ сайдын аавд энэ хамаарахгүй юм уу? Хуулийнхан иргэддээ тэгш бусаар ханддагаа хэзээ болих юм вэ?
keyboard_arrow_up