Хүүхдийн мөнгө авах иргэд ХҮСЭЛТ ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ
Монголын эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7,9 хувийн өсөлттэй гарч, нэгдсэн төсвийн орлого оны эхний таван сард 1 их наяд гаруй төгрөгөөр давж биелсэн үзүүлэлттэй байгаа.
Тиймээс Засгийн газраас төсвийг тодотгож, цалин, тэтгэврийг нэмж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох шийдвэрийг гаргасан.
Тэгвэл УИХ-ын чуулганаар өчигдөр /2023.06.16/ Монгол Улсын төсвийн тодотголыг эцэслэн баталлаа.
Хүүхдийн мөнгөний талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өмнө танилцуулж байсанчлан иргэдийн амьжиргааг дэмжих, нэн шаардлагатай төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэх, долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг үлдсэн 9%-д нөхөн олгох, халамжийн тэтгэмж, байнгын асаргаатай иргэд, хүүхдүүдийн тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлж байна.
Ирэх долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох журмуудыг батлуулна.
Журам батлагдсаны дараа хүүхдийн мөнгийг хэрхэн нөхөн олгох, тэтгэвэр, цалинтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх болно.
Одоо хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Харин хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн хүсэлтийг авах юм. Гэхдээ хүүхдийн мөнгөө хүүхдийн төлөө санд хандивлах иргэд хүүхэд бүр дээрээ хүсэлтээ гаргана.
Хүүхдийн мөнгөний хүсэлтийг авахаар хур систем, ekhalamj, emongolia системийн холболтуудыг хийж байгаа, долдугаар сарын 1-нээс өмнө бэлэн болгоно" гэв.