Хөвсгөл нуурт живсэн машин, техник болон бусад хог хаягдлыг цэвэрлэх тусгай баг ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлсэн Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа үргэлжилж байна.
Хөвсгөл нуурын экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах, нууранд живсэн тээврийн хэрэгслийг гаргах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, татан гаргах зорилгоор Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 10 гаруй нэгж техниктэйгээр өнөөдөр /2023.06.10/ Хөвсгөл аймаг руу хөдөллөө.
Одоогийн байдлаар нуурт 28 автомашин живсэн байгааг судалгаагаар тогтоосон.
Хөвсгөл нуур нь манай улсын нийт цэнгэг усны 74.6 хувийг эзэлдэг стратегийн чухал ач холбогдолтой нуур юм. Живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 1985 онд живсэн хөлгийг амжилттай татан гаргаж чадсан. Тус ажиллагааны хүрээнд Хөвсгөл нууранд живсэн 28 машин, техникийг татан гаргахаар Онцгой байдлын алба хаагчид, ШУТИС-ийн эрдэмтдийн баг, Зэвсэгт хүчний алба хаагчид хамтран ажиллахаар болжээ.










