МҮОНРТ-ийн залуучуудын үндсэн цалин 774 мянга. Саяхнаас 50 мянган төгрөгийн нэмэгдэл авдаг болсон
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж, ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан тухай өмнө нь мэдээлсэн. Гэтэл тус зөвлөлөөс өчигдөр А.Бүрэнбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилсон тухай мэдэгджээ. Үүнийг эсэргүүцэн МҮОНРТ-ийн ажилчид мэдээлэл хийлээ.
МҮОНТ-ийн сурвалжлагч “Энэ байгууллагад маш олон уран бүтээлчид ажилладаг. Үүний 70 хувь нь залуучууд. Үе, үеийн удирдлагууд залуус руугаа чиглэсэн бодлогыг хэн нь ч хэрэгжүүлж байгаагүй. Залуучуудын үндсэн цалин 774 мянган төгрөг. Саяхнаас 50 мянган төгрөгийн нэмэгдэл авдаг болсон.
Энэ телевизэд 20-30 жил ажилласан хүн хамгийн дээд тал нь 130 мянган төгрөгийн л нэмэгдэл авч байгаа. Гэтэл дарга дагаж ирсэн хүмүүс нь 650 мянган төгрөгийн ур чадварын нэмэгдэл авдаг. Энэ байгууллагаас улстөрчид савраа татах цаг болжээ. Засаг барьсан нам өөрийн хүнээ томилж, түүгээр дамжуулан ард, иргэдийн тархийг угааж, сонгуулиар ашигладаг. Чин үнэнч уран бүтээлчид хараат бусаар ажлаа хийж чадахгүй байна. Үнэндээ, энэ байгууллага элгээрээ мөлхчихсөн, хүнээр хэлбэл дусал залгаатай байна. ” гэлээ.









