Газраа ингэж өмчилнө
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Нөгөөдөр газар өмчлөлийн эхний бүртгэл явагдах бөгөөд та газраа өмчлөхөд бэлэн байна уу?
Тэгэхээр иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газруудад нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгох буюу газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж шаардлагатай бэлтгэл ажлуудыг хийж дууссан байна.
Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулснаар мэдээллийн нээлттэй, ил тод байдал бий болох, иргэдийн эрх тэгш байдал хангагдах, гадаад сурч, ажиллаж байгаа иргэд хамрагдах боломжтой зэрэг олон давуу талтай болж байгаа аж.
Ийнхүү эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булгийн нэгдүгээр хэсэг, Баганхангай дүүргийн хоёрдугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд ирэх сарын 1-нээс буюу хоёр хоногийн дараа цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулж эхүүлэх бөгөөд үүнд нийт 1524 га газарт 14954 нийслэлд бүртгэлтэй иргэнд газар өмчлүүлэх юм байна.
Газар өмчлөлийн цахим систем нь Өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn сайтад байрлах бөгөөд энэ хуудаст хандан газар өмчлөх хүсэлтээ гаргах гэнэ.
Түүнчлэн дараах шаардлагыг хангасан иргэн газар өмчлөх хүсэлтээ цахимаар гаргах аж. Үүнд:
• Нийслэлд 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн харъяалалтай болсон
• Урьд нь нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй байх,
• Урьд нь аймаг, сумдын нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй байх,
• Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт аваагүй байх
Хүсэлт гаргагч иргэнийг систем нь автоматаар дээрх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, шаардлага хангаагүй нөхцөлд хүсэлтийн маягт бөглөн илгээхээс өмнө “хүсэлт хүлээн авах боломжгүй тухай” хариу өгөх юм байна.