1,000 гаруй барилгад газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийснээс 500 нь тааруу үнэлгээ авчээ
Зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн энэ үеэр "Нийслэлийн төр, захиргааны удирдах албан тушаалтнууд, дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын байгууллагынхан иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх талаар богино хэмжээний зааврууд өгөх, улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнуудад анхан шатны тусламж үзүүлэх хэрэгслийг талбайд байршуулан ажиллана.
Цагдаагийн байгууллагын албан хаагчид түр талбайд цугларсан иргэдийн аюулгүй байдлыг хангана. Хорооны болон СӨХ-ны ажилтнууд цугларах 192 талбайн байршил, цугларах цагийг иргэдэд мэдээлэх үүргийг гүйцэтгэнэ.
Нийслэлд нийт 30,000 байшин барилга байдаг. Үүнээс 2003 оноос өмнө баригдсан барилгуудын газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ одоо мөрдөгдөж буй стандартаас өөрөөр хийгдсэн. Жил бүр барилгыг паспортжуулах ажлыг нийслэлийн төсвөөр хийдэг. Одоогийн байдлаар 1,000 гаруй барилгад газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийснээс 500 нь тааруу үнэлгээ авсан" хэмээлээ.
2013 оноос хойш баригдаж байгаа барилга гурван төрлийн хяналтыг давдаг байна. Тодруулбал захиалагчийн, зохиогчийн, төрийн хариуцсан байгууллагын хяналтыг давж ашиглалтад оруулдаг аж.