“Шинэ яармаг цогцолбор“ төслийн 41 орон сууц, 332 авто зогсоол газартайгаа Хөгжлийн банкны өмчлөлд шилжлээ
Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үл хөдлөх хөрөнгүүдийг олон нийтэд нээлттэй зарж борлуулах талаар Хөгжлийн Банкны Захиргаа удирдлагын газрын захирал С.Мөрөн мэдээлэл өглөө.
Тэрбээр "2022 оны эхнээс Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт эрчимжсэн. Өнөөдрийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хангуулаад байна. Чанаргүйдсэн зээлийн эргэн төлөлтийг мөнгөн хөрөнгөөс гадна үл хөдлөх хөрөнгөөр хангуулдаг.
Эргэн төлөгдсөн 1.3 их наяд төгрөгөөс 270 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө Хөгжлийн Банкны өмчлөлд шилжиж ирсэн. Дээрх хөрөнгүүд нь бүрэн ашиглалтад орсон, бүтээн байгуулалт хийгдэж байгаа гэсэн төлөвтэй байгаа.
Энэ удаад 6.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 18 үл хөдлөх хөрөнгийг шууд зарж борлуулахад бэлэн болсон. Үүнд үйлчилгээний талбай, авто зогсоол, амины орон сууц, орон сууцнууд байна." хэмээлээ.
Мөн "Шинэ яармаг цогцолбор" төслийн 41 орон сууц Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн талаар мэдээлэв.
Мөн 16 авто зогсоол, дуусаагүй 7 блок орон сууц, 3 блок үйлчилгээний талбай, 332 авто зогсоол газрын хамт байгаа аж. Эдгээрийг бэлэн болсны дараа худалдаална гэв.
Сануулахад, "Шинэ Яармаг" орон сууцны цогцолбор хороолол барих төслөөр "Нью яармаг хаусинг прожект" ХХК нь Хөгжлийн банкнаас 195.8 мянган ам.долларын зээл авсан байдаг. Тус компанийн захирал Ц.Ууганбаяр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд хийж байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм.









