Хүүхдийн таргалалт 6,7 дахин нэмэгдсэн нь шим тэжээл багатай болон боловсруулсан хүнсний хэрэглээтэй холбоотой

2023 оны 6 сарын 06

Arslan.mn“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амыг баталгаат хүнсээр хангах, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулах зорилтыг дэвшүүлсэн. 

Тэгвэл энэ зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Хүүхдийн хоол" үндэсний чуулганыг зохион байгуулж байна. 

Чуулганд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Эваристе Коуасси-Комлан болон 21 аймаг, есөн дүүргийн ЕБС, цэцэрлэгийн нхоол зүйч, хүүхдэд зориулсан хүнс үйлдвэрлэгчид зэрэг 1000 гаруй төлөөлөгч оролцож байна. 

Боловсролын сургалтын байгууллагад 1.2 сая орчим хүүхэд суралцаж байна. Тэднийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалахад суурь асуудал болсон эрүүл мэнд, хоол хүнсний хангамж, шим тэжээлийн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэнэ.

Arslan.mn

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийт үндэсний чуулганд оролцогчдод илгээлт хүргүүлсэн бөгөөд тэрээр илгээлтдээ "Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэндийн үндсэн суурь асуудал болох хүүхдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлийн чанартай хүртээмжийг сайжруулах замаар нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх улс орны хөгжлийн үрийг эрүүл хөрсөнд тарьж, ургуулах нэгэн зорилгод сэтгэлээ зангидан ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. 

Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого болох "Алсын хараа-2050"-д эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг, бүтээлч иргэдтэй болох зорилгыг дэвшүүлсэн. Энэ зорилгод хүрэхийн тулд нэн түрүүнд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах, эрүүл шим тэжээллэг хоол хүнсээр хангах, идэвхтэй амьдралын хэв маягтай, эрүүл эерэг хандлагатай иргэнийг төлөвшүүлснээр дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэн болох бүрэн боломжтой. Иймээс хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамрагдаж байх хугацаанд нь хангалттай шим тэжээллэг хоол хүнсээр хангахад малчид, тариаланчид, хүнс үйлдвэрлэгч нарт ээлтэй зохицуулалттайгаар аюулгүй хүнс, түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцлагын системийг нэвтрүүлэхэд төрийн байгууллага хувийн хэвшлийн оролцоо чухал." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Хүүхдийн хоол-Эрүүл мэнд" сэдэвт илтгэлийг тавьсан бөгөөд тэрээр илтгэлдээ "Монгол Улсын Засгийн газраас хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх 5 удаагийн судалгааг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж, судалгааны үр дүнг үндэслэн хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамтыг бууруулах олон талт арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн. 
Гэсэн хэдий ч тэжээлийн дутал, илүүдэл жин, таргалалт, хоол тэжээлтэй холбоотой халдварт бус өвчин нэгэн дор тохиолдож, эрүүл мэнд, хүний хөгжил, эдийн засгийн бүтээмжид аюул занал учруулсаар байна.  Өнөөдрийн байдлаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд А, Д аминдэм, төмөр, цайр, селен, иод эмгэг зэрэг бичил бодисын дутал дорвитой буурахгүй байгаа бол нийт хүүхдийн 2.8 хувь нь туранхай, 7.3 хувь өсөлтийн хоцролттой, харин илүүдэл жин ба таргалалтын тархалт 6.7 дахин нэмэгдэж, 28.6 хувьд хүрсэн нь анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Энэ нь давс, сахар, өөх тосны агууламж ихтэй, шим тэжээл багатай хагас болон бүтэн боловсруулсан хүнсний хүртээмж, хэрэглээтэй шууд холбоотой. 

Arslan.mn

Тийм учраас Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 28/ А/108/ А/180 дугаар хамтарсан тушаалаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ыг батлан хэрэгжүүлж байна." хэмээлээ. Мөн тэрээр хүүхдийн илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх, хянахад чиглэсэн тусгайлсан бодлого, хөтөлбөр байхгүй учраас хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих, аминдэм, эрдэс бодисоор  бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг хангахад шаардлагатай зардлыг улсын төсөвт жил бүр тусгах, хүнсний хууль эрх зүйн хорооны стандартыг нутагшуулах, илчлэг, транс тос, чихэр, давсны агууламж өндөр хүнс, чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдааг татварын бодлогоор хязгаарлах, эрүүл мэндэд эрсдэлтэй хүнсний зар  сурталчилгааг хориглох, эрүүл, зөв хооллох дадлыг хүн ам, олон нийтэд төлөвшүүлэх болон хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр холбогдох салбарын ажлын уялдаа холбоо, хамтын  ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг энэ үеэр дурдлаа. 
Arslan.mn

Сургууль цэцэрлэгийн байгууллагын орчинд зарагдаж байгаа хямд, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр худалдан авдаг, 2 хүүхдийн 1 нь чихэрлэг ундааг,  5 хүүхдийн 4 нь чихэрлэг хүнс буюу контик, зайрмаг, вафли, торт, чихрийг өдөр бүр хэрэглэдэг. 

Бага насны хүүхдийн бичил тэжээлийн дутлыг бууруулах гол арга зам нь хүүхдийг эхийн сүүгээр хооллох юм. Гэвч хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлт жил ирэх тусам буурч, нялхсын дөнгөж 50 хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байна. 

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647846
0 эможи

keyboard_arrow_up