Р.Эмүжин: Хүн тээж төрүүлэх шиг хүй орчлонгийн УТГА УЯНГА хаана байна аа
Нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин "Хүн тээж төрүүлэх шиг хүй орчлонгийн утга уянга хаана байна аа...
Монголчуудын зуун зууны мөрөөдөл олуулаа, олуулаа, бас дахин олуулаа болох шүү дээ. Олуулаа л байвал ам даавуу, амуу будаа аль аль нь тэр тоогоор тэвэр тэврээр эргэлтэнд орж, эдийн засгийн олз гарз, оноо алдаанд ахиц гарна, дэлмийн чинээ урагшилдаг байсан бол алдын чинээ алхдаг болно. Ингэж л бодож явдаг даа.
Хүн тээж төрүүлэх шиг хүй орчлонгийн уянга хаана байна аа, олоод ир харъя. Эрт цагийн монголчууд энэ газар шороонд эзэн болохын тулд үр хүүхдээ хүртэл үрэгдэхийг нь, үлдэж өсөхийг нь бодож төрүүлдэг, тулж түшдэг байсан юм. Ямартаа ганц хүүхдийг хүнд бүү тооц, хоёрыг ганцад тооц гэсэн хатуу атлаа нулимстай үгийг шивнэж сургасан байхав дээ. Монголчууд дөрөв, таван саяулаа болоосой, төрж амаржсан ээжүүдэд, олон ам бүлтэй гэр бүлд зориулсан дэмжлэг одон байтугай олон арван саяар хэмжигдэх цаг ирээсэй дээ. Хүн тээж төрүүлэх хэцүү, хүнээр хүн хийхээс хэцүү. Төрж байхад учиртай, олуулаа байхад оломтой, гарамтай!
Энэ хавар одон авч олуулаа болсон бүх ээжүүддээ, бүс нь болсон аавууддаа амжилт, хайр ерөөе. Одоо бүгдээрээ хүүхдүүдээ цэцэрлэгтэй, сургуультай болгохын төлөө олон олон, бүр олон дахин үглэнэ, шүүмжилнэ, өрсөнө, зүтгэнэ, тэмцэнэ, тэрийж унаад хашгирна, тэгж байгаад болно, болгоно!
Гэрэл зураг Б.Тошка.
Төрийн далбаатай, төгөлдөр сайхан ээжүүдтэй, угтан авсан уйлсан инээсэн бяцхануудтай, гоёл, цүнхийг нь бариад хүлээж байгаа гол баатар аавуудтай, сайхан агшин байна аа" гэлээ.









