Цагаан байрнаас “Хүчит шонхор“ зах хүртэл 1.7 км авто зам тавьж байна
Чингэлтэй дүүргийн Дэнжийн 1000-ын Цагаан байр орчмын замыг "Хүчит шонхор" захын уулзвартай холбосон 1.7 км авто замын ажил үргэлжилж байна.
Шинэ авто замыг тавихдаа борооны ус зайлуулах шугам, явган хүний зам зэргийг иж бүрэн хийж байгаа аж.
Уг бүтээн байгуулалтын ажилтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр очиж танилцжээ.
Энэ үеэр "Замын бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 6-ны өдөр эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 1-нд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Хугацаандаа ажлаа дуусгахад газар чөлөөлөлтийн асуудал тулгамдаж байна" гэдгийг гүйцэтгэгч компани болох "Экспресс зам" ХХК-ийн захирал Э.Чинбат хэлэв.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Түүнчлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр тус дүүргийн 9, 10, 11 дүгээр хороог дамнасан авто зам шинээр тавьж байгаа юм байна.
Хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ "Шинээр тавьж буй авто замын трасст 26 нэгж талбар өртсөнөөс 11-ийг нь чөлөөлөхөөр зөвшилцөлд хүрсэн. Газар чөлөөлөлтийн үйл явцыг эрчимжүүлж, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэн ажиллах"-ыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Ташрамд дурдахад, тус дүүргийн аравдугаар хороонд шинэ эмнэлэг, эмнэлгийн ажилчдын орон сууц барихаар 2.8 га талбайг чөлөөлсөн байна.
"Санхүүжилтийг Азийн Хөгжлийн Банкнаас шийджээ. Бүтээн байгуулалт хийхэд газар чөлөөлөлт гол тулгамдсан асуудал болж буй тул иргэдэд энэ талаар таниулж, ойлгуулахад анхаарч байгаа" гэдгийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ч.Батсүмбэрэл онцлов.









