Монголд хэн үлдэх вэ – 2050

2023 оны 5 сарын 30

Arslan.mn

Одоогоос 27 жилийн дараа, 2050 онд Монголчууд төв азийн цээжинд Япон лугаа хөгжиж, эх газрын Сингапур болж чадах эсэх нь эргэлзээтэй. 

Хүнгүй хөгжил, Монголгүй нийгэм угтах нь аюул биднийг нөмөрлөө. Социализмын дараах 30 жилийн эдийн засаг, нийгмийн шилжилтийн жилүүдийн эффект бүрэн гараагүй энэ үед удаа дараалан задрах болсон төрөл бүрийн сангийн хэрэг, Нүүрсний гэгдэх хулгайн хэрэг, төрийн дээд, дунд шатныхны авлигал, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүд, олны итгэлийг хүлээсэн эрхмүүдийн түмэн зүйлийн сэтгэл сэртхийлгэм скандал зэрэг нийгмийн хар бараан үзэгдэл Монголчуудын сайн сайхны тэмүүлэл, ирээдүйдээ итгэх итгэлийг эвдэж нийтийг хамарсан гутранги үзэл /pessimism/ -г бий болж ойрын 10 жилд эдгэхээргүйгээрээ нийгмээрээ өвчиллөө. 

Ирээдүйдээ үл итгэх байдал, нийгмийн сэтгэцийн энэ өвчлөлийн хамгийн хүнд хэлбэр нь Монголчуудын цусан дахь “нүүдэлчин” сэрэхүйг сэрээж эхэллээ.  Тухайн нутаг орны цаг агаар, улс төр, нийгмийн хүндрэлтэй байдлаас дайжин дүрвэх нь тал нутгийн нүүдэлчдийн хэдэн мянган жилийн туршид цусанд шингэсэн зуршил. Үүнийгээ ч эдүгээн Монголчууд сүүлийн жилүүдэд тодоор харуулж АНУ, Англи, Австрали, Европ, Япон, Солонгос зэрэг хөгжилтэй орнууд руу хэдэн мянгаараа “нүүдлэсээр”. 

5 залуу гэр бүлийн 4 – ийнх нь ярьдаг хэлдэг зүйлс нь ... Монголоос л явах..., гадагшаа гарч ажиллах..., тэнд очоод татах...гэхчилэн харь орон ажиллах амьдрах нь амьдралынх нь тэмүүлэл болсон гэлтэй. Нийгмийн бүтцийн цүнхэл буюу хөдөлмөрийн идэвхтэй насны 25-50 настнууд үр хүүхдүүдээ гадагшаа сургаж, тэнд нь ажиллаж амьдруулахыг хүсэх болсон. Энэ хүсэл 27 жилийн дараа бүрэн биеллээ олж, дээрх гэр бүлүүдийн үр хүүхдүүд 2050 он гэхэд гадаадад сурч төгссөн, мэргэжилтэн болж тэндээ нутагших нь цаг хугацааны л асуудал болж байх шиг. Ингэж бодвол дээрх насныхан гэр бүлээрээ гадагш нүүдэллээ гэж тооцвол 2050 он гэхэд Монгол улсын иргэд 5 сая хүрвэл тэдний 4 сая орчим иргэн нь гадаад орон ажиллаж, амьдрах болох нь. Монголд 2050 онд хэн үлдэх вэ?!

Нөгөө талаар дээр дурдсан хөгжилтэй орнуудын хүн амын өсөлт эрс буурснаар гаднаас төрөл бүрийн мэргэжилтэн ажиллах хүчнийг импортлох зорилго жилээс жилд тодорч, хэдэн мянга, хэдэн сая ажилтныг гэрээт болон цагаачлалын эрх зүйн орчинд өөрийн орондоо суурьшуулах болсон. Хөгжилтэй орнуудын хөдөлмөрийн нийлүүлэлтийн гадаад бодлого нь хөгжилдөө үл итгэх болсон Монголчуудын нүүдэллэх хүсэлтэй яв цав нийлж буй нь өмнөх хэсэгт тооцсон 4 сая гэх тоог бататгаж, Монголчуудын хувьд аюулын харангыг аль чадахаараа нүдэх, сонсохгүй бол балбахыг шаардаж байна. Гэтэл бидэнд аюулын харанга бий билүү? Аюулыг мэдсэн ч сэргийлэх арга чарга бий юу? Одоогийн улс төр, улс төрчид, тэдний боловсруулсан алсын, ойрын план хэрэгжих? Чадах уу?!

Яг одооноос эхэл, зарчимтай байхыг бүгдэд үлгэрлэ, зах зээлийн эдийн засгийг төгөлдөржүүл, хүнээ соёлжуул, улс төрчдийг сунгаж биш сонгох тогтолцоог бүрдүүл, харийн гар, хөл бологсдыг зогсоо, шийтгэ, Монгол бол дэлхийн 200 орны нэг бөгөөд тэдний л адил эрх тэгш алхаж, шинжлэх ухааныг шүт эдгээр бол эм тан. Монголд хөгжлийн итгэл авчрах жор. 

 

Э.Анхбаяр

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647634
0 эможи

keyboard_arrow_up