ЦЕГ: “Тоглоомын талбайд зодуулсан хүүхэд болон холбогдогчийг тогтоон, шинжээч эмч томилсон“
Өөрийнхөө хүүхдийг өмөөрч тоглоомын талбайд тоглож байсан 10 орчим настай хүүг зодсон хэрэг гарчээ.
Тоглож байгаад өөрийнх нь хүүхдийг санамсаргүй бөмбөгөөр оносны төлөө өсвөр насны хүүхдийг зодсон гэх тайлбартай дүрс бичлэг тавдугаар сарын 7-ны өдөр цахим сүлжээнд цацагдаж олныг багагүй бухимдуулсан юм. Тэгвэл дахин нэг үүнтэй ижил төстэй хэрэг гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн тав дахь буюу тавдугаар сарын 26-ны өдөр өөрийнхөө хүүхдийг өмөөрч тоглоомын талбайд тоглож байсан 10 орчим насны хүүхдийг зодсон хэргийн камерын бичлэг цахим орчинд цацагдаад байна.
"Хохирогч хүүхэд болон түүний биед халдсан холбогдогчийг олж тогтоосон. Мөн тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж, шинжээч эмчийг томилсон" гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.









