Өнөөдөр “Номын баяр” эхэлж байна
Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах зэрэг оюунлаг арга хэмжээнүүд хөвөрсөн 33 дахь удаагийн “Номын баяр” өнөөдрөөс эхлэн 28-ныг дуустал Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагатай хамтран “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2023” арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд хөдөө орон нутагт нээсэн бол 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох юм.
Энэ өдрүүдэд нэн шинэ, үнэт ховор ном, гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа, зохиолч уншигчдын уулзалт, уран зохиолын уншлага, сонсдог номын цаг, яруу найргийн өдөрлөг зэрэг бүх насны уншигчдад зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээг зохион байгуулах юм .