ТЦА-аас тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлын ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ улсын хэмжээнд явуулж байна
Тээврийн цагдаагийн албанаас Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Автотээврийн тухай, Автозамын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2020 стандартын хэрэгжилтийг тус тус хангуулах зорилгоор “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал” нэгдсэн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Нэгдсэн хяналт шалгалтын хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 25-аас тавдугаар сарын 17-ны өдрийн хугацаанд улсын хэмжээнд нийт 21555 тээврийн хэрэгслийг шалгаж, үүнээс бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон 7191 хүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ тооцож, техникийн хувьд бүрэн бус зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан 24 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлөө арилгах, дахин зөрчил гаргахгүй байх талаар мэдэгдэл, шаардлага хүргүүлж, хугацаандаа оношилгоонд хамрагдаагүй 423 зөрчилтэй тээврийн хэрэгслийг гэрчилгээг түр хураан авч, харьяа дүүрэг, орон нутгийн техникийн хяналтын үзлэгийн төвд шилжүүлж өгч ажилласан байна.
Иймд тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч хүн, хуулийн этгээд нь өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах үүргээ биелүүлж, зөрчилгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж байхад анхаарна уу.