Хууль бусаар их хэмжээний загас агнасан этгээдийг 7 сая төгрөгөөр ТОРГОЖЭЭ
Иргэн Н нь 2022 оны арванхоёрдугаар сарын 06-наас 10-ны хооронд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг дэвсгэр Улаагчны хар нуураас тор тавин 282 ширхэг зарам загас агнажээ. Эл хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Түүнд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хяналт тогтоохыг Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан юм.
Мөн шүүгдэгч Н-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгожээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр тогтоосон байх тул шүүгдэгч Н-ын амьтны аймагт учруулсан хохирол 3.948.000 /гурван сая есөн зуун дөчин найман мянган/ төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг нийт 7.896.00 /долоон сая найман зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг шүүгдэгч Н-ээс гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэсэн.









