ШУУРХАЙ: 12 настай охиныг хүчиндээд, хил гарч зугтсан этгээдийг ДАЙЧЛАН БАРИВЧИЛЛАА
2019 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин суух 12 настай охиныг хүчиндсэн Б гэгч хэрэг үйлдэнгүүтээ буюу цагдаагийн байгууллага шалгаж эхлэхээс өмнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор хил гаран зугтжээ.
Бага насны хүүхэд хохирсон хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж, хэрэг үйлдсэн этгээд Б болохыг нотлох баримтуудаар тогтоосноор олон улсын Интерполын “олон нийтэд аюултай этгээд” гэх эрэмбэд оруулан эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байжээ. Мөн Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээн дэх “Шувуу” ажиллааны “эрэн сурвалжлагдах хүмүүсийн жагсаалт”-д түүний нэрийг оруулан, эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлсэн байна.
Харин Б гэгч 2023 оны тавдугаар сарын 19-ны өдөр Турк улсаас Монгол Улсад орж ирсэн мэдээлэл бүртгэгдэж, тухайн этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь дайчлан баривчилжээ.
Одоогоор түүнийг шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэргийг мөрдөн шалгаж байна.









