АТГ: ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт хамаарах 7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хураан аваад байна
Авлигатай тэмцэх газраас нүүрсний гэх хэргийн явцын тлааар мэдээлэл хийлээ.
Тодруулбал одоогийн байдлаар найман хэргийг шүүхэд шилжүүлж, 34 хэрэгт яллах саналтайгаар прокурорт хүргүүлээд буй бол 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Эдгээрээс гадна нүүрсний гэх хэрэгт холбогдолтой нийт 124 албан тушаалтныг шалгаж буй бөгөөд үүнээс 55 нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр, 56 нь хахууль авсан хэрэгт, 29 нь хахууль өгсөн хэрэгт, 23 нь мөнгө угаах гэмт хэрэг болоод үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа аж.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогийн байдлаар 7 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хураан авсан талаар АТГ-аас мэдээллээ.
Дашрамд сануулахад , “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо "хөрөнгө оруулалт" нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдан цагдан хоригдоод буй юм.