ХҮҮХДИЙН БАЯР: Нэг уут бэлгэнд хэвийн хэмжээнээс 10 дахин их сахар АГУУЛАГДДАГ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэдхэн хоногийн дараа тохиох гэж байна. Баярын өдөр ойртох тусам дэлгүүрүүд хүүхдэд зориулан хүнсний бараа бүтээгдэхүүнээ боож савлан худалдаанд гаргахад бэлддэг.
Сүүлийн жилүүдэд бэлэн боосон бэлэгт хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангаагүй болон зарагдахгүй бүтээгдэхүүн хийж худалдаалах тохиолдол их болсон. Иймд худалдан авагчид бэлэн бүтээгдэхүүн цуглуулан өөрсдөө бэлэг боох явдал элбэг болсон. Бид томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдээр хүүхдийн бэлгийн үнэ, дотор нь юу юу багтсан байгааг болон өөр ямар бэлэг сонгож болох талаар зөвлөгөө, сэрэмж болгохыг зорилоо.
"Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал" үндэсний V судалгааны тайланд сургуулийн бага ангийн дөрвөн сурагч бүрийн нэг нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай, тав хүртэлх насны найман хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байгаа тухай дурджээ. Энэ нь хүүхдийн биеийн жинг нэмэгдүүлэх нөлөөтэй эрсдэлт зан үйл хүн амын дунд бага наснаас эхлэн түгээмэл буйг гэрчлэх бөгөөд хот суурин газрын таргалалттай хүүхдийн тоо хөдөө орон нутгийнгаас зургаа орчим хувиар илүү байгаа юм.
Мөн 6-11 насны хүүхдүүдийн дунд хийжүүлсэн ундаа болон чихэрлэг цайны хэрэглээ харьцангуй түгээмэл, нийт хүүхдийн 81 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа эрүүл бус ундааг хэрэглэдэг бөгөөд бялуу, жигнэмэг, нарийн боов зэрэг амтлаг хүнс, чипс, шаржигнуур гэх мэт шарж бэлдсэн зуушийг сургуулийн маш их хэрэглэдэг, 99 хувь нь эдгээр бүтээгдэхүүнийг долоо хоногт багадаа л нэг удаа иддэг гэсэн судалгааны дүгнэлт байдаг.
Иймд та хүүхдээ баярлуулахын тулд заавал дуртай гэсэн амттан бүрийг нь авч өгөх гэлгүйгээр илүү эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. Учир нь ашиггүй сахар, хэт их чихрийн хэрэглээнээс үүдэн хүүхдийн тань шүд цоорох, хий цадаж хоолны дуршилгүй болох, улмаар амин дэмийн дутагдалд орох, донтолтын улмаас харшил үүсэх, анхаарал төвлөрөх чадвар нь буурах зэрэг сөрөг үр дагаврыг араасаа дагуулдаг байна.









