Сэтгүүлчдийг ДОХ, сүрьеэгийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт, уулзалтыг зохион байгууллаа
Өнөөдөр буюу 05 дугаар сарын 18-ны өдөр Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд "Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө" ТББ-аас ХӨСҮТ, Баянзүрх дүүргийн сүрьеэгийн диспансертай хамтран сэтгүүлчдийг чадавхжуулах, сүрьеэ өвчний талаарх мэдээллийг түгээх зорилгоор уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Сүрьеэгийн диспансер эмч Б.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ “Сүрьеэ өвчтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал өнөөдрийг хүртэл байсаар л байна. Энэ нь хүмүүсийн сүрьеэ өвчний талаарх мэдлэг дутмаг байгааг харуулж байгаа юм.
Сүрьеэ өвчтэй хүн болгон халдвартай биш. Гагцхүү уушгины халдвартай сүрьеэтэй хүмүүс л бусдад халдвар тараах эрсдэлтэй. Тус өвчтөн сүрьеэтэй гэдгээ мэдээд 14-21 хоногийн хугацаанд эмчилгээгээ эхэлвэл бусдад халдвар тараах эрсдэл 90 хувь буурдаг. Өөрөөр хэлбэл сүрьеэ өвчнөө эрт илрүүлээд эмчилгээгээ хийлгэж байгаа иргэдээс зайгаа барих, ялгаварлан гадуурхах шаардлагагүй.
Сүрьеэ өвчин нь хамгийн багадаа зургаан сар ба түүнээс дээш хугацаанд эмчлэгддэг. Дэлхий дахин сүрьеэ өвчний эмчилгээг илүү богино хугацаанд бүрэн эмчлэх аргыг нэвтрүүлээд явж байна.
Саяхныг хүртэл бид олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг хоёр жил хүртэлх хугацаанд эмчилдэг байсан бол одоо есөн сарын хугацаанд эмчилдэг болсон.
Сүрьеэ өвчнөөр стресст өртсөн, хорт зуршилтай, хоол тэжээлийн дутагдалд орсон, 5-аас доош насныхан болон 65-аас дээш насныхан болон олдмол болон төрөлхийн дархлал дуталтай хүмүүс өртөх магадлал их.” гэдгийг энэ үеэр онцоллоо.
2022 онд улсын хэмжээнд 2,354 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн ба үүний 174 нь хүүхэд байна. Сүрьеэгийн тохиолдлын 60 орчим хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насныхан, эдгээр иргэдийн 60 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.