Б.Ууганбаяр: “Бэлэн бай“ аяныг улсын хэмжээнд 20 хоногийн хугацаанд зохион байгуулна
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Бэлэн бай" аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "ОБЕГ-аас ирэх сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Стратегийн команд штабын сургууль"-ийн бэлтгэл ажлын хүрээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд "Бэлэн бай" аяныг улсын хэмжээнд 20 хоногийн хугацаанд зохион байгуулна. Тус аянаар дамжуулан иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангуулах талаарх ойлголтыг дижитал байдлаар түгээнэ. Газар хөдлөлтийн үед иргэд ямар арга хэмжээ авах талаарх бүх мэдээллийг "www.belenbai.mn" сайтаас авах боломжтой. Мөн дээрх сайтад газар хөдлөлтийн үед нийслэл хотод аюулгүй байршил бүхий 191 цэгийн мэдээллийг оруулсан" гэв.
Онцгой байдлын ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг" Бид иргэдээс газар хөдлөлтийн гамшиг тохиох үед хаана очих болон ямар бэлэн байдлыг хангах талаарх судалгааг хийсэн. Судалгаагаар иргэд газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар цэгцтэй ойлголт, мэдээлэл дутмаг байна гэж гарсан. Иймээс бид газар хөдлөлтийн өмнө, газар хөдлөлтийн үед болон газар хөдлөлтийн дараа ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг цогц байдлаар дижитал орчинд байршуулсан байгаа. Иргэд "www.belenbai.mn" сайтаас гамшгийн үед гэр бүл болон хайртай дотын хүнээ хамгаалах тодорхой мэдээллийг авах боломжтой" гэлээ.









