Гутал үйлдвэрлэгчид зөвлөлдөж, жилдээ гурван сая гутал үйлдвэрлэх боломжийн талаар ярилцаж байна
Хүнс, хөдөө ажи ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо ТББ, Зээлийн батлан даалтын сан, Хөгжлийн шийдэл ТББ-ууд хамтран арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН-үүдийн дунд анх удаа "Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөний гол зорилго нь дотоодын зах зээлийг хамгаалах, гурван сая гутал үйлдвэрлэх боломж, импортыг орлох гарц, шийдлийг үйлдвэрлэгчид эрэлхийлэх байв.
Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Зээлийн батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн газрын дарга Э.Тамир, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан болон Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүд оролцлоо.
ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төвийн захирал З.Батхүү:
ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төв байгуулагдаад гурван жил болж байна. Энэ хугацаанд бид өмнө нь 30 орчим жил хийгдээгүй арьс, ширний гэмтлийн судалгааг хийсэн. Үүнээс гадна арьс ширний салбарыг хөгжүүлэх зорилгоор дэлхийн олон оронд хэрэгжүүлж байгаа технологийн дэвшлийг ашиглах судалгааг хийж байна. Арьс ширний гэмтлийн хувьд нядалгааны үеийн гэмтэл 90 орчим хувьтай байна. Ийм өндөр гэмтэлтэй арьсаар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь төвөгтэй. Тийм учраас арьс ширний эргэн мөшгих системийг хэрэгжүүлээд явж байна. Арьс ширний түүхий эдийн урамшууллыг олгож байгаа хэдий ч өнөөдөр арьс чанаргүй байгаа нь бидний санаа зовох асуудал юм.
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан:
Өмнө нь гутал үйлдвэрлэгч нарт зориулсан зөвлөгөөн болж байсангүй. Өнөөдрийн байдлаар бид жилдээ нэг сая гутал үйлдвэрлэж байна. Үүнийг гурван сая болгож нэмэгдүүлэх зорилгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар бид цэрэг, цагдаа, уул уурхайн болон малчдын гутлыг түлхүү хийж байна. Тиймээс загвар дизайныг өөрчлөөд өргөн хэрэглээний гутал, хүүхдийн гутал үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн зөвлөгөөнөөс ААН-үүд бүтээмж, чанар, загвар дизайнаа сайжруулах ойлголттой болох бол төрийн байгууллагууд татварын бодлогыг өөрчлөх шаардлагыг олж харах байх гэж бодож байна. Импортоор орж ирж байгаа гутал нь нилээдгүй их вальютыг гадагш нь гаргаж байна. Тиймээс энэ вальютыг Монголдоо авч үлдэх, арьсан гутлыг иргэдэд боломжийн үнээр олгох нь бидний зорилго. Монголдоо үйлдвэрлэсэн нэг арьсан гутлыг худалдан авах нь та 10 хүний ажлын байрыг дэмжиж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй.
Зээлийн батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн газрын дарга Э.Тамир:
Монгол Улсад төдийгүй жижиг дунд үйлдвэрлэгчдэд тулгамддаг гол асуудал нь барьцаа хөрөнгийн дутагдал байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Зээлийн батлан даалтын сан нь тухайн ААН-ийн хүсч буй зээлийн 60 хүртэлх хувьд нь батлан даалт гаргах боломжтой байдаг. Өнөөдөр "Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн"-д оролцож буй талууд тулгамдаж буй асуудлаа эхнээс нь ярьж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд гутал үйлдвэрлэгч нарын дийлэнх нь эргэлтийн хөрөнгийн зээлэнд хамрагдаж байсан бол хөрөнгө оруулалтын зээлэнд төдийлөн хамрагдаж чадаагүй байдаг юм байна. Тиймээс манай сан дээр хэрэгждэг Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалтын зээлийг гутал үйлдвэрлэгч нарт санал болгож байна. Тус зээл нь жилийн 8,8-12 хүүтэй бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа хоёр жил бөгөөд 10 жилийн хугацаатай олгогддог зээл юм.
Хорол Коллекшн" ХХК-ны захирал Г.Хүрэлсүх:
Монгол Улс жилдээ 20 сая гутлыг импортоор авч, зах зээлд нийлүүлж байгаа бол дотоодын гутлын үйлдвэрүүд жилдээ 1 сая орчим гутал үйлдвэрлэж байна. Бид үүнийг нэмэгдүүлж гурван сая хос гутал үйлдвэрлэх боломжийн талаар өнөөдөр хэлэлцэж байна. Жилдээ гурван сая гутал үйлдвэрлэхийн тулд төрийн бодлого, татварын хөнгөлөлт зэргийг шийдвэрлэх шаардлагатай учраас харьяа яамтай харилцан тохиролцоод явж байна. Үүнээс гадна хүний нөөц, эргэлтийн хөрөнгийн асуудал, хүчин чадлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Арьс ширний боловсруулах үйлдвэрийн чадамж сүүлийн үед сайжирч, техник технологи ч шинэчлэгдэж, бүтээгдэхүүн хийхэд ямар нэгэн асуудалгүй болсон. Дотооддоо арьж ширээ бүрэн хангах боломжтой.
Дархан нэхий хувьцаат компаний төлөөлөл:
Манай компани нь дотоодын боловсруулах үйлдвэртэй, борлуулалтын цэг маань 21 аймагт байдаг учраас ижил үнээр бусад аймгуудад гутлаа нийлүүлэх борлуулалтын бодлого баримталж ажилладаг. Харин татвар нь нилээд өндөр үнэтэй байдаг учраас дотоодын бараа бүтээгдэхүүн харьцангуй үнэтэй харагдах нь бий. Тэгэхдээ арьсан гутал дэлхийн зах зээлд хэдэн төгрөгөөр борлуулагддаг билээ гэдгийг харьцуулж харах хэрэгтэй. Манай компаний хувьд хүүхдийн арьсан гутлыг 89-110 мянган төгрөгийн хооронд борлуулдаг бол эмэгтэй гутал загвараасаа хамаарч 160-320 мянган төгрөгөөр борлуулдаг. Хэрэв их хэмжээний гутал үйлдвэрлэвэл өртөг үүнээс бага байх боломжтой.









