ХӨСҮТ МУИС-тай хамтран ажиллаж, халдварт өвчний орон зайн тархалт, түүний загварчлалыг өргөжүүлнэ
Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв/ХӨСҮТ/ нь халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, тандан судалгаа, оношилгоо, эмчилгээний асуудлыг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах үүргийг хэрэгжүүлэгч тусгай мэргэжлийн төв байгууллага юм. Энэ ч үүднээс гадна болон дотоод хамтын ажиллагаагаа үргэлж сайжруулж ирсэн.
Тэгвэл тус төв нь Монгол Улсын эрдэм шинжилгээ, сургалтын тэргүүлэх байгууллага болох Монгол Улсын Их сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Тус арга хэмжээнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Хүний нөөцийн албаны дарга Ж.Баярсайхан, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш Ө.Баярсайхан, доктор, дэд профессор Д.Лхагвасүрэн нар оролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд халдварт өвчний орон зайн тархалт, түүний загварчлал, их тоонд машин сургалтын судалгаанд суурилсан сургалт зохион байгуулах, дүн шинжилгээг хийх, энэ салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан МУИС-тай судалгаа, шинжилгээ, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн цаашид судалгаа шинжилгээг улам төгс хийх, мэдээллийн баазыг үүсгэх, олон сувгаар хамтын ажиллагааг хийх хүсэлтэй байгаагаа онцолсон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш Ө.Баярсайхан энэ үеэр "Сүүлийн жилүүдэд өвчний экологийн асуудал их яригдах болсон. Яагаад халдвар дэгдээд байгааг тогтоох, үр дагавар, хурдац нь ямар байх, цаг хугацаа, орон зайнд хэрхэн тархах гээд зөвхөн анагаахын шинжлэх ухааны асуудлаас хальж, салбар дундын асуудалд шилжих болсон.
Бид хамтран ажиллах бүрэн боломжтой учраас өнөөдөр ийнхүү хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байна. Бид зүгээс хуримтлуулсан мэдлэг, мэдээллээ хуваалцах, сургалт зохион байгуулах, харилцан туршлага судлахад бэлэн байна." хэмээлээ.