Улаанбаатар хотын цагдаагийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид 40,615 ширхэг мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг. Түүнчлэн энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.
Уг өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас энэ онд 120.000 мод тарихаар төлөвлөж, өнөөдөр /2023.05.13/ Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид шар хуайс, буйлс, агч, хайлаас зэрэг дөрвөн төрлийн 40.615 модны суулгацыг суулгалаа.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Олон улсын эко” цэцэрлэгт хүрээлэн, Төр хурхын ам, Хайрхан хөгжлийн төв зэрэг ойжуулж, моджуулах шаардлагатай газруудад тарьж, мод тарих хөдөлгөөнийг өрнүүллээ.
Хүн бүр байгаль хамгаалагч!









