Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 онд 77.5 хувиар өсч, хохирлын хэмжээ 21.9 тэрбумд хүрчээ 

2023 оны 5 сарын 08

Arslan.mn

ТОХИОЛДОЛ1: МӨНГӨ ЗЭЭЛЭХИЙГ ХҮССЭН ХУУЧНЫ ТАНИЛ

Өмнө нь хамт ажиллаж байсан, өдгөө холбоо тасарсан танилаас минь нэгэн өдөр чатаар “Хөгшөөн, яаралтай 100 мянган төгрөг өгөөч. Цагийн дараа эргүүлээд шилжүүлье” хэмээн дансаа илгээх нь тэр. Холбоо бариагүй удсан, бас намайг “та” хэмээн хүндэтгэн харьцдаг байсан тул тэрхүү зурвас их л сэжигтэй санагдав. Тэгэхээр нь “Чи ямар дугаар дээр байна. Би чам руу залгая. Эсвэл чи над руу залга” гэсэнд тэрээр уншсан боловч хариу илгээсэнгүй. Харин намайг блок хийсэн байлаа. Сүүлд сонсох нь ээ, хамт ажиллаж байсан хүн маань нүүр номын нууц үгээ алдан, өчнөөн хүнд өртэй хоцорсон гэсэн.

Сургамж: Цахимаар хэзээ ч бүү мөнгө зээл!

ТОХИОЛДОЛ2: ХҮҮХДҮҮД “НАМНАДАГ” НАЙМААЧИН

10 настай хүү минь INSTAX mini12 гэсэн камератай болохыг их хүсдэг байв. Тэгсэн нэг өдөр хүү ихэд баясгалантайгаар “Ээжээ, нөгөө миний авахыг хүсдэг аппаратыг нэг хүн маш хямд үнээр зарна гэнэ. Та мөнгө шилжүүлээд өгөөч. Би өөрийнхөө мөнгөөр авчихъя” гэсээр хүрч ирлээ. “За хэдэн төгрөг вэ миний хүү?” гэтэл “50 мянган төгрөг. Дээр нь 500 ширхэг хальсыг бэлэг болгон өгнө” гэв. Их сэжигтэй санагдаад интернэтээр хайгаад үзтэл 76 ам.доллар буюу Монгол мөнгөөр 260 гаруй мянган төгрөг, хальс нь гэхэд их өндөр үнэтэй байв. Ингээд хүүгийнхээ өнөөх хүнтэй бичсэн чатыг уншив. Тэгсэн үл таних хүнээс “Яаралтай мөнгө шилжүүл, хямдрал нь дуусвал ийм үнээр ирэхгүй шүү” гэж баахан шавдуулсан байлаа. Ийм үнэтэй бүтээгдэхүүнийг яагаад хямд үнээр зарж байгаа, дэлгүүр нь хаана байдгийг тодруултал “Онлайн дэлгүүр ээ” гэсэн хариулт өгөөд таг болов. Мөн л хүүгийн хаягийг блоклон одсон билээ. Хүү өсвөр насныхны группээс уг зарыг уншиж, дээрх хүнтэй цахим харилцаа үүсгэсэн байлаа.

Сургамж: Хүүхдүүдээ онлайнаар худалдаа хийхийг нь байнга хяна!

ТОХИОЛДОЛ3: ОНЛАЙНААР ТҮРЭЭСЛЭСЭН БАЙР

“Хороололд хоёр өрөө байр боломжийн үнээр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу нэгэн танил минь 2 сая төгрөгөө алдсаныг саяхан сонссон юм. Тэрээр үнэ их боломжийн байсан тул уг зарын эзэн рүү чат бичиж л дээ. Тэгсэн өнөөх нь хотод түр байхгүй байгаа, мөнгө хэрэг болсон тул яаралтай хямд түрээсэлж буйгаа хэлж... Иймд танил маань ихэд олзуурхан чатаар байрны зургуудыг нь үзэж, 3 сараар түрээслэхээр шийджээ. Харин “байрны эзэн” урьдчилгаа 2 сая төгрөгийг шууд шилжүүлээд түрээсээ баталгаажуул гэсэн байна. Найз ч ёсоор болгон мөнгийг шилжүүлжээ. Харин нөгөө чатын эзэн хамаг зар, хаягаа устгаад алга болжээ.

Сургамж: Компьютерын цаана суугаа хэнд ч битгий итгэ!

ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙГАА ВЭ?

Энэ бол зөвхөн надад тохиолдсон явдлын ганц хоёрхон жишээ. Нэг хүн л гэхэд цахим гэмт хэргийн ийм их тохиолдолтой нүүр тулсан гэхээр Монгол улсад энэ төрлийн гэмт хэрэг ямар байгаа нь тодорхой биз дээ.

Цаг тутамд өсөн нэмэгдэж буй компьютер, ухаалаг утасны хэрэглээг дагаад цахим гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдэж байгаа аж. Тухайлбал,

2016 онд 97, 2017 онд 195, 2018 онд 659, 2019 оны 5 сарын байдлаар 384 буюу нийт 1,335 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн талаар Тагнуулын Ерөнхий газраас мэдээлсэн байна.

“Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 онд 4824, 2022 онд 8563 буюу 77.5 хувиар өсжээ. Гэмт хэргээс үүссэн хохирлын хэмжээ 2020 онд 1 тэрбум орчим байсан бол 2022 онд 21.9 тэрбумд хүрсэн. Нийт хэрэгт эзлэх хувь 24.2 буюу нийт цагдаагийн бие бүрэлдэхүүний дөрвөн хүн тутмын нэг нь цахим орчинд гарсан гэмт хэргийн араас ажиллах шаардлага тулгарч байгаа талаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван мэдэгджээ.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХГҮЙ ТУЛД:

  • Хувийн мэдээллээ цахим орчинд “PUBLIC” тохиргоотой оруулахгүй байх
  • Танихгүй хүнтэй цахим орчинд харьцахгүй байх
  • Чатаар ирсэн аливаа линк дээр дарахгүй байх
  • Баталгаагүй онлайн дэлгүүрээс худалдан авалт хийхгүй байх
  • Танил хүмүүс онлайнаар мөнгө зээлэхийг хүсвэл утсаар лавлаж асуух
  • Цахим гэмт хэрэгт өртвөл цаг алдалгүй хуулийн байгууллагад хандах. Ингэснээр иргэд уг гэмт хэрэгт өртөхгүй байх боломж бүрдэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
646871
3 эможи

keyboard_arrow_up