Хөгжлийн банкнаас нийт “596,6 ТЭРБУМ“ төгрөгийг байгууллагуудаас нэхэмжилж байна
Хөгжлийн банкнаас нийт 596,609,688,484 төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр зээлүүдийн зээлийн гэрээний хугацаа дуусчихсан, бүгд чанаргүй зээлд ангилагдчихсан. Зарим нэгэн зээлүүд нь шүүх ажиллагааны явцад зээлээ барагдуулсан байгаа. Тухайн ААН-үүдэд олгосон зээлүүдийг хохирол гэж үзэж байгаа. Жишээлбэл Ган хүдэр ХХК-д 239,234,449 юэний санхүүжилтийг олгосон. Энэ зээл өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа. Хэрэв энэ зээлийг өөр эрүүл харилцагчид олгосон бол хэдий хэмжээний үр ашигтай байсныг тооцох ёстой. Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа эх үүсвэр болгон цаанаа бондын эх үүсвэр, бондод төлөх хүү, бондыг олж ирэхтэй холбоотой зардал, банкны үйл ажиллагааны зардал буюу ардаа өртгийг бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл энэ санхүүжилтүүд нь цаанаа өртөг, төлбөртэй байдаг.









