“Шүүр ажиллагаа“ эгэл хүмүүсийн хувьд дарамт, эрх мэдэлтнүүдийн хувьд дургүй ажилчдаа шүүрдэх боломж болж байна
Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос “Шүүр ажиллагаа” болон цаг үеийн асуудлаар мэдээллээ. Энэ үеэр төмөр замчдын Үйлдвэрчдийн эвлэлийн холбооны дарга Б.Баяраа байр сууриа илэрхийлэв.
Тэрээр “Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос үндсэн гурван асуудлын хүрээнд удаа дараа шүгэл үлээсэн боловч Засгийн газраас хариу өгөөгүй. Ийм учраас Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Нэгдүгээрт хувь нийлүүлсэн нийгэмлэг, УБТЗ-ын төлөөлөн удирдах зөвлөл буюу Ерөнхий хороонд ажиллах Монголын талын тэргүүн, Ерөнхий хорооны орлогч даргаар ЗТХ-ийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Ерөнхий хорооны гишүүнээр Улаанбаатар төмөр замд ямар нэгэн холбоо хамааралгүй, төлөөлөх чадваргүй УИХ-ын төсвийн байнгын хорооны зөвлөх нэрийн дор улс төрийн шахаагаар томилогдсон Б.Цогтгэрэл нарыг ЗГ-ын оролцоотой томилсон нь буруу гэж үзэж байна.
Хоёрдугаарт Улаанбаатар Төмөр зам хувь нийгэмлэг ажлын байрны аливаа төрлийн дарамт гарсаар байгаа тухай шүгэл үлээсэн. Жишээлбэл ЗТЯ-ны сайд С.Бямбацогт нь өөрийн хувийн хэрэгцээнд “Ган зам пресс” төвөөр цаг тооны бичиг яаралтайгаар хэвлүүлж, тус төвийн дарга удирдлагууд нь ажилчдаа 72 цагийн турш амралтгүй ажиллуулсан боловч өнөөг хэр нь илүү цагийн мөнгө олгоогүй, нөхөн амруулаагүй. Энэ мэт ажлын байрны дарамт гарсаар байна.
Цаашлаад “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд УБТЗ-ын төлөөлөн удирдах зөвлөл буюу Ерөнхий хороонд ажиллаж буй ажилчид болон тус байгууллагын тээвэр, зохион байгуулалт хариуцсан орлогч даргын талаар шүүрдэх оролдлого хийхгүй байна. Түүнчлэн олон хүнийг сонгон шалгаруулалтгүй тушаал дэвшүүлж, өөрт хамааралгүй бусдаас шалтгаалсан асуудлаас болж ажлаас халах мэдэгдэл хүргүүлэх явдал бишгүй олон. Мөн “Шүүр ажиллагаа” эгэл хүмүүсийн амьдралд дарамт, эрх мэдэлтнүүдийн хувьд өөрсдөд нь дургүй хүмүүсээсээ салах боломж болж байна” гэлээ.









