Таалагдсан эмэгтэйнхээ машины багажид нь нуугдах, тогийг нь таслах, хазах зэргээр дарамталсаар ЯЛ СОНСЖЭЭ
Энэ хэргийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр авч хэлэлцсэн байна.
Прокурорын газраас 31 настай, эрэгтэй У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Хэргийг товчлон дурьдахад, шүүгдэгч эрэгтэй У, хохирогч эмэгтэй З нар 2020 оны зургаадугаар сард амралтад явж байхдаа танилцсан.
Үүний дараа У нь эмэгтэйн ажлын газрын хүмүүсээс утасны дугаарыг нь олж авч, уулзахыг хүссэнээ илэрхийлэн залгах болжээ. Эмэгтэйн өөрийн мэдүүлснээр холбоо тогтоохоос цааргалж байсан ч гэрийнх нь гадаа сахих, дагах зэргээр хоргоогоод байхаар нь уулзаж эхэлсэн байна. Улмаар 2021 оны 08 дугаар сараас З нь харилцаагаа тасалья гэсэн байр суурь илэрхийлснээр хуулийн байгууллагад хандахад хүргэсэн асуудлууд үүсчээ.
Тодруулбал, У нь дээрх хугацаанаас эхлэн З-г уулзахгүй, харилцаагаа таслах юм бол гэрийн чинь үүдэнд амиа хорлоно, дотно харилцаатай байсан талаараа гэр бүл, нөхөр болон хадмуудад нь хэлнэ гэх мэтээр байнга тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж заналхийлж эхэлжээ.
Мөн гэрт орж хүчээр орох, гар утас, цүнх гэх мэт эд зүйлсийг нь авч явах, утсаа авахгүй болохоор гэрийн тогийг нь таслах, айлын тагтаар дамжиж орж ирэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараах гэх мэт маш олон хэлбэрээр сүрдүүлэх болжээ.
Хохирогч мэдүүлэхдээ “Наймдугаар сараас салахгүй гэж дарамтлах болсон. Эд зүйл булааж зугатаах, ажлын гадаа машины багажид орж хэвтэх, хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь авах гээд явж байхад машины урдуур гарч ирээд доогуур нь орж хэвтэх зэргээр маш их ирсэн. Хүчээр бэлгийн харилцаанд орсон нэг тохиолдлыг ярьж байгаа боловч маш олон удаагийн давтамжтай үргэлжилсэн зүйл.
Байрны гадаа үргэлжийн сахиатай. Би маш олон удаа эвээр гуйдаг. Шүүх, цагдаагаар яваад яахав, чи залуу хүн амьдралаа бод гэж зөндөө хэлээд ойлгоогүй. Ажил дээр байхад ирээд гарч ирэхгүй бол ажил руу чинь орно шүү гээд байдаг. Би энэ хүнийг хохироосон зүйл байхгүй. Сүүлдээ өөрийгөө шатаана гэж оролдлого хийсэн учраас хүн амины хэрэгт холбогдох нь гэж айгаад цагдаад хандсан.
Би цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч, гүн хямралтай, шөнө унтдаггүй, чимээ шуугианаас цочдог, мэдрэлийн ядаргаанд ороод эмчээс салахаа больсон. У-аас надаас гарсан бүх хохирлуудаа төлүүлмээр байна. Сэтгэл зүйн зөвлөгөө 2.360.000 төгрөг, эмнэлгийн зардал 700.000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн листийн баримтаа хавсаргасан байгаа, өмгөөллийн хөлс 10.000.000 төгрөг, урьдчилгаанд 6.000.000 төгрөгийг өгсөн. 4.700.000 Төгрөг нь дансны хуулгаар, 1.300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тагтны хаалга унаж гэмтээсний 300.000 төгрөг, хаалганы бариул цоожийг эвдсэн бас 300.000 төгрөгийг нэхэмжилж байна. Сэтгэл санааны 5.000.000 төгрөгийг төлүүлмээр байна” гэжээ.
Харин шүүгдэгч “Би ерөөсөө гэрт нь орж хохирогчийг өөрийг нь хүсээгүй байхад хүчирхийлж үзээгүй. Би тэр хэргийг ерөөсөө хийгээгүй. Хаалганых нь бариулыг эвдээгүй. Гэр лүү нь би дайраагүй. Намайг өөрөө дууддаг. Би утсыг нь булааж авч явж байгаагүй” гэжээ.
Цагдаагийн байгууллагад хандахаас өмнө У нь эмэгтэйн гэрт дайран орж согтууруулах ундаа ууж хоносон. Энэ үедээ хөх, хүзүү, уруулыг нь хазаж гэмтээсэн гэж тэмдэглэжээ. Мөн гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт, талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалсан байна.
Улмаар нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзжээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэжээ. Ингэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой шүүхээс 1.100.000 төгрөгийг хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн. Мөн У-ыг 4 сар 24 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ. Ялын энэ хоногоос тухайн хэрэгтэй холбоотойгоор хоригдсон 36 хоногийг хасч, мөн хохирогчтой харьцахыг хориглосон хязгаарлалт тогтоожээ.
Хохирогч эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон хохирол, өмгөөлөгчид төлсөн хөлс зэргээ оруулан 17 сая төгрөг нэхэмжилсэн ч баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож, зөвхөн баримттай нэг сая 100 мянган төгрөгийг барагдуулахаар болжээ.
Шүүгдэгчийг бага насны хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, учруулсан хохирлоо төлөхөөс татгалзаагүй зэргийг харгалзан үзсэн байна.









