Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлийг мөрдөн шалгах явцад авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрчээ
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдон ЭЦА-ныхан энэ оны нэгдүгээр сарын 5-наас хойш цагдан хорьж шалгаж буй билээ.
Тэгвэл өнөөдөр УЕПГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны дарга С.Батдөлийн болон хамаарал бүхий хүмүүсийн гэрээс нэгжлэг хийхэд нийт 7.3 тэрбум төгрөг илэрсэн. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй тул нөхцөл байдал илэрсэн учир АТГ-тай хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаж байгаа" гэв.
Эргэн сануулахад УБТЗ-ын тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн нэг, 18.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсгээр яллагдагчаар татсан билээ.









