Болзошгүй цар тахлын нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломжгүй тул улс орнууд бэлэн байдлаа хангах шаардлагатай
ХӨСҮТ нь ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр ЭМЯ, БШУЯ, УОК, ХӨСҮТ, ГЕГ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг 12 байгууллагатай хамтран "Томуугийн болзошгүй цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамжийг шинэчлэн боловсруулах, цартахлын үеийн нөөцийг тооцох нь" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, дасгал сургуулилтыг 04 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалт, дасгал сургуулилтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Женев дахь төв оффисын мэргэжилтэн Хитеш, Австралийн үндэсний их сургуулийн дэд профессор доктор Беверли нар чиглүүлэн зохион байгуулж байна.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа энэ үеэр "ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр томуугийн дараагийн болзошгүй цар тахлын үеийн бэлэн байдлыг хангахын тулд гаргах төлөвлөгөө, хэрхэн нөөцийн тооцоолол хийх, ор хэрхэн дэлгэх, бусад эмнэлгийн хэрэгсэл, багаж, оношлуурын тооцоог хэрхэн хийх гэх мэт маш чухал асуудлаар сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Дэлхийн томуу судлаачид томуугийн болзошгүй цар тахал хэзээ ч гарах магадлалтай байгааг тэмдэглэж, цар тахлын үеийн бэлэн байдлыг ханган ажиллахыг зөвлөмж болгож байна. Учир нь КОВИД-19 цар тахлын үед улирлын томуу болон шувууны томуугийн вирусийн шалтгаант хүний халдварын тоо эрс буурсан хэдий ч зэрлэг, гэрийн тэжээвэр амьтдын дунд томуугийн вируст халдварын дэгдэлт нэмэгдэж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд ойрхон байгааг мэдэгдсээр байна. Болзошгүй цар тахлын хэзээ эхлэх болон хэр удаан үргэлжлэх, түүнээс үүдэлтэй хор хохирлыг урьдчилан таамаглах боломжгүй тул улс орнууд бэлэн байдлаа хангах, тандалтын тогтвортой байдал хариу арга хэмжээний төлөвлөгөөтэй байх шаардлагатай байгаа ба манай улс Цар тахлын сургамжиндаа суурилан төлөвлөгөөгөө шинэчилж байна.
Болзошгүй цар тахлаас урьдчилан сэргийлэх, олж авсан мэдлэг, туршлага, сургамжиндаа суурилан бэлэн байдлыг хангах, чадавхаа нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хариу арга хэмжээг нарийвчлан төлөвлөх, томуугийн тандалтын тогтолцооны тогтвортой байдлыг ханган ажиллах асуудал чухлаар тавигдаж байна.
Иймээс энэхүү дасгал сургуулилтын хүрээнд тулгамдсан асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, санал, санаачилга бүхий төлөвлөгөө гаргах, шинэчлэн боловсруулагдах ба ДЭМБ зөвлөмжийг тусгах юм." гэдгийг энэ үеэр онцоллоо.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторын тасгийн эрхлэгч Ц.Наранзул:
Дэлхий нийтэд олон төрлийн цар тахал гарч байсан бөгөөд ихэнх цар тахал нь томуугийн вирустэй уялдаа холбоотой байна. Коронавирусийн цар тахал нь үүний нэг жишээ. Цар тахлын бэлэн байдлыг хэрэгжүүлэхэд хамгийн чулах зүйл нь лабораторийн оношилгоо юм. Лабораторийн оношилгоо буюу молекул, биологийн нарийн оношилгоогоор шинэ болон дахин сэргэж буй цар тахлын халдвар үүсгэгчийг олж тогтоодог. ХӨСҮТ нь лабораторын оношилгооны арга, аргачлалыг сайжруулах, хөгжүүлэх, боловсон хүчнийг сургах тал дээр анхаарч ажиллаж байна.









