ШУУРХАЙ: Завханы Сонгино, Түдэвтэйд салхины хурд 40 м/с хүрлээ
Өнөөдөр ихэнх нутгаар шуурч зарим газраар секундэд 34 м/с хүртэл ширүүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул гамшигт үзэгдлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Завханы ихэнх нутгаар салхи баруун өмнөөс секундэд 18-20 м/с, говь, тал хээрийн бүс нутгаар салхи секундэд 26-28 метр секунд хүрнэ. Түр зуур зарим газраар секундэд 34 м/с, хүртэл ширүүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана. Хүчтэй шороон шуурга шуурах тул болзошгүй гамшигт үзэгдлээс сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Тухайлбал, өнөөдрийн 12 цаг 40 минутын байдлаар Завхан аймгийн баруун болон хойд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурч, салхины хүч дунджаар 20-28м/с, хамгийн их нь Сонгино суманд түр зуур 40м/с хүрч, үзэгдэх орчин хаагдаж, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч үргэлжилж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Иймд, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах. Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх.
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг нэмж анхааруулав.