Шүлхийн вакцинжуулалт энэ сарын 15-наас эхэлнэ

2023 оны 4 сарын 13

Дэлхий банк санхүүжилтээр Монгол Улсыг шүлхий өвчингүй тайван байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтран ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 6,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6.5 сая тун вакциныг өчигдөр Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын дархлаажуулалт энэ сарын 15-аас эхэлж байгаатай холбогдуулан 21 аймаг, нийслэлд батлагдсан хуваарийн дагуу стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр хүргэлт хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн зөвлөх Л.Амарсанаа  “Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газар болон ХХААЯ-тай гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа. 2021 оны хувьд шүлхийтэй тэмцэх урт хугацааны төлөвлөгөө боловсруулахад ““Мал эмнэлгийн ерөнхий газар”” дэмжлэг үзүүлж ажилсан. Өнөөдрийн нийлүүлж байгаа 6.5 сая вакцин нь тус төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилготой. Шүлхий өвчний хувьд малын махны экспортод худалдааны хориг үзүүлдэг өвчин байгаа. Тэгэхээр энэ өвчинтэй тэмцэх нь Монгол улсын хэмжээнд маш чухал үүрэгтэй. 2022 оны дөрөвдүгээр сараас эхлээд зөвхөн үхэр сүргийг вакцинжуулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Үүний үр дүнд шүлхий өвчний дэгдэлт буурч хяналтдаа авч чадсан. Одоогийн байдлаар идэвхтэй голомт байхгүй. Энэхүү вакцин нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн. Нийт 2 сая орчим долларын өртөгтэй” гэлээ.

МЭЕГ-ын “Мал амьтны эрүүл мэндийн газар”ын дарга Т.Тунгалаг  “2023 оны яаралтай дархлаажуулалтын төлөвлөгөө “Мал эмнэлгийн ерөнхий газар”-ын даргын тушаалаар батлагдсан. Үүний хүрээнд хаврын дархлаажуулалтын аяны ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан явж байна. Гуравдугаар сарын 15-аас үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт Дорнод, Сүхбаатар аймгуудад эхэлсэн. Энэхүү ажлын төгсгөлд буюу дөрөвдүгээр сарын 15-аас Монгол Улсын хэмжээнд шүлхий өвчинд хамгийн мэдрэмтгий амьтан болох үхэр, цаа буга, гахайг дархлаажуулах ажлыг эхлүүлэхээр Ерөнхий сайдын А87 тоот тушаалаар вакциныг бүх аймгуудад хүргэх зургаан ажлын хэсэг гаран ажиллаж байна. Энэ удаагийн хаврын вакцинжуулалтад улсын хэмжээнд 5,5 сая малыг хамруулна. Эдгээр малыг дөрөвдүгээр сарын 15-аас хойш 25 хоногийн дотор улсын хэмжээнд маш олон орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүд Засаг даргын тамгын газар, мал бүхий иргэд, малчид хамтарч энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлааг малдаа 100 хувь тогтоох шаардлагатай. Тиймээс малчид товлосон хугацаанд малаа вакцинжуулалтад бүрэн хамруулах шаардлагатай байна. Хил дамжин халдварладаг буюу олон улсын худалдааны хорио цээрт өвчний тоонд шүлхий өвчин ордог. Тиймээс бид энэхүү өвчин гарсан тохиолдолд мэдээлэх үүрэгтэй байдаг. Үүний хүрээнд өвчний гаралтыг нэмэгдүүлэхгүй байх, голомтыг сэргээхгүй байх үүднээс урьдчилан сэргийлэх хаврын нэгдүгээр ээлжийн дархлаажуулалт зохион байгуулж байна. Мөн өвчин гарч байсан голомтуудад халдваргүйтгэлийн ажлыг хийх, өвчний бүс нутгаас мал эмнэлгийн зөвшөөрөлгүйгээр дураараа шилжилт хөдөлгөөн хийх зэрэг дээр анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ талаарх заавар зөвлөмж орон нутгийн мал эмнэлгүүдэд өгнө. Өнөөдрийн байдлаар бог малын мялзан өвчин 5 аймгийн 8 суманд тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын хил залгаа нутгуудаар хонины цэцэг өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг явуулж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646110
0 эможи

keyboard_arrow_up