НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу
Төрийн хэмнэлтийн тухай хууль 2022 оны оны дөрөвдүгээр сараас үйлчилсэн. Хуулийн 15 дугаар зүйлд УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр шинээр хараат болон охин компани байгуулах, чиг үүрэг орон тоог давхардуулан тогтоохыг төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хориглоно гэж заасан. Гэхдээ, манай нийслэлийнхэнд энэ заалт төдийлэн үйлчлэхгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Компани, төв дэргэдээ байгуулаад зогсохгүй, эд хогшил худалдан авах тендер зарлаж “тоглодог” болж.
Гурван сарын өмнө “шалгарсан” тендертээ ахиад ороод “тэнцээгүй”
Тухайлбал, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК гэх НИТХ-ын дэргэд байгуулсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүждэг байгууллага бий. 2022 онд байгуулсан тус байгууллага гэхэд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 303 сая төгрөгийн компьютер, техник хэрэгсэл, хувилагч машин, принтер, оффисын цахилгаан хэрэгсэл, тавилга эд хогшил худалдан авах тендер зарласан байдаг.
Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тендерийн үр дүнг нийтэлж, “Сүүхүнгий”, “Санкомаркетинг монголиа”, “Хашхан” гэх гурван компанийг шалгаруулсан байгаа юм. Хачирхалтай нь, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр яг энэ тендерээ ахиад зарлажээ.Үр дүнг нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нийтлэхдээ өмнө нь сайн хэмээн үнэлэгдэж, шалгарсан “Сүүхүнгий” гэх компанидаа тэнцээгүй гэсэн бичиг илгээжээ.
Өөрөөр хэлбэл, хэдэн зуун сая төгрөгний тендер зарладаг, аж ахуйн нэгжүүд оролцдог, тэнцдэг. Гэтэл ахиад зарладаг, унадаг болчихож. Эндээс хуулийн шаардлага хангаагүй компани тендерийн үнэлгээний комисс нь шалгаруулсан уу, эсвэл хүссэн компани нь эхний шалгаруулалтад унасан уу. Ийм байдал нэг биш удаа давтагдаж байгаа юм.
200 саяар үнэлэгдсэн тендерт 100 саяын санал өгсөн компани шалгарсан ч тендерийг цуцлаад...
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын сургалт судалгааны төвийг 2017 онд байгуулсан байдаг.Тус төвийг 2022 онд Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн хөгжлийн төв болгон өргөжүүлжээ. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тавилга, эд хогшил худалдан авах 197 сая 509 мянган төгрөгийн тендер зарласан байгаа юм. Тендерт “Интерворлд” ХХК-ийг шалгаруулж, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон албан бичгийг НЗДТГ-ын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч И.Баатархүүгийн гарын үсэгтэй илгээжээ. “Интерворлд” ХХК нь 197 саяар үнэлэгдэх тендерт 99 сая 900 мянган төгрөгний үнийн санал өгсөн байна.
Мэдэгдэлд, 2022 оны төсвийн жил дуусгавар болж, төрийн сан хаагдсаны улмаас НЗДТГ-ын 2022 оны үйл ажиллагааны зардлаас санхүүжигдэхээр төлөвлөсөн “ НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн тавилга, эд хогшил”-ыг нийлүүлэх гэрээг 2023 онд үргэлжүүлэн зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдье. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 2023 оны нийслэлийн төсөвт эд, хогшил, бараа материал худалдан авах зардал тусгагдаагүй тул та бүхнээс хүлцэл өчиж байгааг хүлээн авна уу гэсэн байгаа юм. Ахиад сануулахад 2023 онд гэрээг үргэлжүүлэн зохион байгуулах боломжгүй, зардал тусгагдаагүй гэсэн байгааг анзаарч харж болно.
Ямартай ч Нийслэлийн Засаг даргын тамгын газар гэж нийслэлийн төсвийн хөрөнгөөр зарлаж байгаа тендерт хайнга ханддаг, тоглоом шоглоом болгодог нэг газар бий болж.