Жүжигчин А.Мөнгөнзул: Хэн гэдэг ухаантай, ажилсаг “дурак“ нь хүүхдийн мөнгийг олгохдоо ялгасан гадуурхсан шийдэл олдог байна аа
Жүжигчин А.Мөнгөнзул Хүүхдийн мөнгөний тэгш бус олголтыг эсэргүүцэн, байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дугармаар байна! Миний бие Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрх,түүнд бухимдсан аав ээжүүд,сэтгэл гонсгор үлдсэн хүүхдүүдийн өмнөөс бухимдан, түүний эсрэг уриалга гаргаж байна. Учир нь төрийн уялдаа холбоогүй буруу мэдээллээс болж хүүхэд гадуурхагдаж байна. Ер нь хэн гэдэг ухаантай, ажилсаг "дурак" нь хүүхдийн мөнгийг олгохдоо ялгасан гадуурхсан шийдэл олдог байна аа. За тэгээд тэр Еmongolia дээр харагдах дийлэнх өрхийн мэдээлэл буруу, мөн түүнийгээ залруулахгүй өдий хүрэх нь Төр иргэнээ гүтгэн доромжлохтой адил. Ядаж байхад цахим үндэстэн болохыг гардан удирддаг сайдынх нь мэдээллүүд нь хүртэл худлаа байсан гэсэн, тэр Еmongolia-д. За тэгээд худлааг үнэн болгохоор, хэдэн ч удаа хороо, дүүрэг холбогдох газарт хүмүүс очно. Очих бүрд ЁСТОЙ МЭДЭХГҮЙ гэсэн гунигт шийдэлгүй үг иргэдийг бухимдуулна. Бараг уурладаггүй хүмүүс хүртэл очоод уураа шавхаад гарна, тэндээс. Энэ бол холбогдох сайдуудын ажлаа мэдэхгүй, тооцоо судалгаагүй сэтгэлгүй хүмүүсийн ГАЙ. Монгол хүн төрдөө бухимдсаар, хууртагдсаар энэ амьдралаа дуусгах ёстой юу? Монгол төр одоо ч цаашдаа ч хүүхэд бүрт тэгш хандаж, хүүхэд бүрийн мөнгийг олгох ёстой гэж дугарч байна" гэв.









