Төв банк ипотекийн зээлийн хөтөлбөрийг энэ оны II улиралд багтаан ЗГ-т шилжүүлнэ
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ипотекийн зээл болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монголбанкнаас тодрууллаа.
Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "2020 онд батлагдсан Ковидын хуулиар Төв банк сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ асуудал дээр оролцоод явж байсан. Энэ хүрээнд 2021 онд нэг их наяд, 2022 онд 700 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олгосон. Өнгөрөгч 2022 оны 12 дугаар сарын 31-нээр Ковидын хууль хүчингүй болсонтой холбогдуулан Төв банк ипотекийн зээлийн хөтөлбөр дээр санхүүжилт олгохоо зогсоосон. Одоогийн байдлаар эргэн төлөлтөөрөө арилжааны банкууд санхүүжүүлж байна.
Ипотекийн зээлийн 20 орчим хувь нь орон нутагт олгогддог. Энэ жилийн хувьд орон нутагт шилжин суурьшсан болон тэнд амьдарч буй иргэдэд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно. Ипотекийн зээлийн хөтөлбөр орон нутаг руу илүү чиглэгдэнэ. Төв банкны зүгээс энэ оны хоёрдугаар улиралд багтаан ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна" гэлээ.